Сүхбаатарын талбайн урд талын зогсоолыг лацдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-04-29 14:41:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбай автомашины зогсоолыг өнөөдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газраас лацдав.


Анх 2006 онд нийслэлээс уг газарт доод талдаа зогсоолтой усан оргилуур барих төслийн сонгон шалгаруулалт зарласан бөгөөд  “Ub constraction” компани шалгарсан байна. Гэвч өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй бөгөөд 2016 онд автомашины төлбөртэй зогсоол болгожээ. Улмаар зогсоолоос олсон орлогынхоо 30 хувийг нийслэлийн Авто замын санд төвлөрүүрэх гэрээ байгуулсан ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тус компанийн газар эзэмших эрхийг нь цуцлах шийдвэр гаргасан юм.



Энэ талаар нийслэлийн Хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай, "Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу талбайн урд талын энэ газрын эзэмших эрхийг цуцалсан. Үүнтэй холбогдуулан “Ub constraction” компанид гурав хоногийн дотор талбайг чөлөөлөх хугацаатай үүрэг шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хугацаа өнгөрсөн бямба гарагт дууссан. “Ub constraction” компани зогсоолын хоёр пост, хаалтаа авч, газраа чөлөөлж өгөх ёстой. Газар чөлөөлсний дараа бид энэ талбайд усан оргилуур барихаар төлөвлөж, олон нийтийн саналыг авч байна" гэлээ.

Холбоотой мэдээ