Францад жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 18 /TASS/. Францын хэд хэдэн хотод эсэргүүцэгчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж, наад зах нь 30 хүнийг саатуулсан гэж RMC радио цагдаагийн байгууллага дахь эх сурвалжийг эш татан мэдээлжээ.
Засгийн газраас санал болгож буй хэмнэлтийн хатуу арга хэмжээнүүдийг эсэргүүцсэн ажил хаялт өнөөдөр Франц даяар болж байна. Мөргөлдөөн Тулуз (Францын өмнөд нутаг), Брест (баруун) болон Марсель (өмнөд) хотуудад болсон байна.
Парисын дагуул хот болох Обервильед эсэргүүцэгчид автобус баазыг хаах оролдлогыг таслан зогсоосон гэж Дотоод хэргийн сайд Брюно Ретайо өмнө нь мэдээлсэн байна. "Le Parisien" сонинд мэдээлснээр, цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан бол хариуд нь эсэргүүцэгчид утаа гаргагч хэрэглэжээ.
Франц даяар 900 мянга орчим хүн жагсаалд оролцоно гэж эрх баригчид тооцож байна. Эмх журам сахиулахын тулд Францын Дотоод хэргийн яам 80 мянга гаруй цагдаа, жандармыг дайчилж, хуягт техник, нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглахаар төлөвлөжээ.