Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 105 мянган иргэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-30 16:11:27
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан  таниулах,  иргэдэд тус салбарын цогц  үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх зорилгоор, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/-ны харъяа байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд өнөөдөр боллоо.  


Олон улсын хөдөлмөрийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монгол Улсын Хөдөлмөрийн яам бие даан байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан дээрх өдөрлөгийг 21 аймаг, алслагдсан гурван дүүрэг болон нийслэлд нэгэн зэрэг зохион байгуулж байгаа юм.



Өдөрлөгийн хүрээнд төрөөс хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хүн амын хөгжил болон бусад холбогдох чиглэлээр ХНХЯ-наас явуулж буй бодлого, хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулахаас гадна нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийхээр боловсруулж байгаа хуулийн төсөлд олон нийтээс санал авсан. Мөн өдөрлөгт ажлын байрны санал бүхий 60 томоохон ажил олгогч, 10 хөдөлмөрийн хувийн бирж оролцож, 2000 гаруй ажлын байр танилцуулж, ажилд зуучлах үйлчилгээ үзүүллээ.


Түүнчлэн нийгмийн даатгал, халамж, хүүхэд хамгаалал, залуучуудын хөгжил, ахмад настанд чиглэж ажилладаг төрийн байгууллагууд иргэдийн санал бодлыг сонсох уулзалт зохион байгуулж, иргэдэд нэг цонхоор үйлчилж, тэдний санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэв.



Нээлтэд ХНХ-ын сайд С.Чинзориг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, НДЕГ-ын дарга Д.Зоригт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн газрын дарга Т.Ганчимэг болон бусад албаныхан оролцлоо. 



ХНХ-ын сайд С.Чинзориг өдөрлөгийг нээж хэлэхдээ, “Засгийн газрын ажлын хөтөлбөрт дэвшүүлсний дагуу иргэдээ орлоготой, ажилтай байлгахын төлөө хичээн ажиллаж байна. Монгол Улсын эдийн засаг ноднин 6.9 хувиар өсөж, төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давсан. Гэсэн ч эдийн засгийн байдал эмзэг хэвээр байгаа. Засгийн газраас сайжирч буй эдийн засгийг иргэн бүрт хүртээх зорилго тавин ажиллаж байна. Тухайлбал, 2014 оноос хойш нэг ч төгрөгөөр нэмж чадаагүй цалин хөлсийг хоёр удаа нэмсэн. Зарим төрийн албан хаагчдын ажлын ачаалал, ур чадвараас хамаарч ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоосноор, тэдгээр ажилчдын цалин 27 хүртэлх хувиар нэмэгдсэн байна. Мөн ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажлыг түлхүү хийхээр төлөвлөж байна” гэлээ. 


Өдөрлөгт оролцож буй Нийгмийн даатгалын ерөнхий газар /НДЕГ/-ын ажилтай танилцаж мэдээлэл авлаа. Тус байгууллагын нийслэл дэх төвийн зургаан дүүргийн байцаагч нар иргэд, даатгуулагчдад зөвлөгөө мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг авч ажиллаж байгааг НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг хэлж байв.



Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэл төлсний давуу тал болоод эрүүл мэндийн даатгалд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгөхөөс гадна иргэдийн тэтгэвэр тогтоолгоход тулгарсан асуудлыг нь шийдэж байгаа юм байна. Мөн тэрээр, “НДЕГ 2019 оныг “Танд ойрхон-Найрсаг үйлчилгээний жил” болгон зарласан” гэдгийг тодотгоод, энэ хүрээнд цаасан үйчилгээ авахаар хөөцөлдөж иргэдэд чирэгдэл учруулдаг байсныг өөрчилж, зарим үйлчилгээгээ цахим системд шилжүүлсэн тухай онцоллоо. Цахим үйлчилгээний давуу тал нь иргэн өөрөө нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь төлж байгаа эсэхийг хянах боломж бүрдэж байгааг мөн хэллээ. Мөн тус байгууллага малчны хот, худалдаачны лангуу зэргээр явуулын үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Нийслэлд долоо хоногт хоёр удаа, орон нутагт сард нэг удаа тогтмол явуулын үйлчилгээг аялуулж, иргэдийн цаг завыг хэмнэхээр болжээ.



Нийгмийн даатгалын үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлэх цахим үйлчилгээний талаар НДЕГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Э.Баасанжалбаас тодрууллаа. Тэрбээр, “Нийгмийн даатгалын байгууллагаас 2018 оныг цахим үйлчилгээг хөгжүүлэх жил болгон зарлаж иргэдэд хүргэх үйлчилгээг хялбаршуулсан 9 төрлийн програм хангамжийг шинээр нэвтрүүлсэн. Тухайлбал, нийгмийн даатгалд төлсөн шимтгэл болон эргээд нийгмийн даатгалаас авсан үйлчилгээгээ иргэн өөрөө хянах боломж бүхий гар утасны аппликейшн нэвтрүүлсэн. Аппликэйшний хэрэглэгч нар нийгмийн даатгалын хууль эрх зүй болон шинэ үйлчилгээний мэдээлэл, нэрийн дансны тооцоолуур зэргийг ашиглах боломжтой. Энэхүү аппликейшныг өнөөдрийн байдлаар, 46 мянга гаруй иргэн гар утсандаа татаж аван ашиглаж байна.  Мөн иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоо авах гэж ТҮЦ машин эсвэл манай байгууллага руу очих шаардлагатай байсан бол одоо гэрээсээ лавлагаагаа хэвлэн ашиглах боломжтой болсон. Нийгмийн даатгалын "www.ndaatgal.mn" цахим хаягаар нэвтэрч, “Даатгуулагчид зориулсан вэб” хэсгээс лавлагаагаа шууд хэвлэн ашиглах ба түүнийг нь банк, элчин сайдын яам, хууль шүүхийн байгууллага зэрэг гуравдагч байгууллагууд хянах боломжтой програмыг мөн нэвтрүүлсэн байгаа. Түүнчлэн “ХУР” системд иргэдийн дөрвөн төрлийн мэдээллийг байршуулснаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хурууны хээгээр танин иргэдэд үйлчилж байна. Иргэд нийгмийн даатгалын байгууллагад өгсөн өргөдөл, гомдлоо цахимаар хянадаг болсон, одоо сайн дурын даатгуулагч гэрээгээ онлайнаар сунгах, тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг цахимаар хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэсэн юм. 



Мөн өдөрлөгийн хүрээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилж, иргэдэд мэргэжлийн чиглэлийн дагуу зөвлөгөө, мэдээлэл өгч суралцагчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг танилцуулж байлаа. 


Энэ өдөр “Дэлхий нийтээр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр” тохиож байгаа юм байна. Тиймээс энэхүү нээлттэй өдөрлөгийн хүрээнд хүүхдийг хүчирхийллийн бус, хүмүүжлийн эерэг аргаар хүмүүжүүлэх зөвлөгөөг эцэг эхчүүдэд өгч байгааг Гэр бүл хүүхэд залуусын хөгжлийн газар /ГБХЗХГ/-ын Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг онцоллоо.



Тэрбээр, “Гэр бүлийн орчинд хүүхдийг хүчирхийлэх явдал их байна. Мөн хүүхдийг үл хайхарснаас, нийгмийн элдэв сөрөг үйлдэлд автаж байгааг хэлэх нь зүй. Тиймээс эцэг эхчүүдэд хандсан зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн хүүхдэд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхээс гадна хүүхдийн өмгөөлөгч хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна” гэв.

 


Мөн үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газрын харъяа Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвөөс Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөмж, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ авах, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний талаарх иргэдэд шаардлагатай цогц мэдээлэл өгч байсан юм. Тус төвийн Протез, Ортопедийн үйлдвэрийн ажилтай онцолж танилцав. Тус үйлдвэр нь хиймэл эрхтэн үйлдвэрлэлээр улсын хэмжээнд ажиллаж байгаа цор ганц үйлдвэр юм байна.



Протез, ортопедийн үйлдвэрийн дарга Ц.Жамбалвандан хэлэхдээ, “Манай үйлдвэр 13 ажилтантай бөгөөд 45 нэр төрлийн протез, ортопед үйлдвэрлэдэг. Жилд 3000 мянга гаруй бүтээгдэхүүн гаргадаг. 2018 оны судалгаагаар Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 105 мянган иргэн байна. Тэдгээр иргэн манай үйлдвэрийн үйлчилгээг авдаг гэж хэлж болно. Энэхүү өдөрлөгийн хүрээнд манай үйлдвэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хэмжээ авч, өвчний карт нээж байна. Ингэснээр 14-45 хоногийн дараа тухайн хүнд шаардлагатай протез, хиймэл эрхтэн бэлэн болно. Манай үйлдвэр 2007 оноос Герман технологийн төхөөрөмж нэвтрүүлж, дэлхийн жишиг, стандартын дагуу үйлдвэрлэл явуулж байна” гэлээ. 

Холбоотой мэдээ