"Мазала" Үндэсний дээд лигийн III тойрогт 23 гоол бүртгэгдлээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-04-30 17:57:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Мазала" үндэсний дээд лигийн III тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж нийт 23 гоол орсон таван сонирхолтой тоглолтыг МХБХ-ноос тоймлон хүргэж байна.

 

СП Фалконс 1:2 Дэрэн

 

Тус хоёр баг үндэсний дээд лигийн хүрээнд найман удаа учраа таарахдаа бие биенээ гурав хожиж, үлдсэн хоёрт нь тэнцсэн гэсэн үзүүлэлттэй байлаа. Өгөө аваатай тоглодог, хүч тэнцүү багууд эхний хагаст гоол оруулаагүй бол шийдвэрлэх үед хаалганы тор гурван ч удаа хөдөллөө. Өнгөрсөн жил "Дэрэн" клуб тоглож лигийн мэргэн бууч болсон Япон легионер Нишио Тацүяа "СП Фалконс"-ын өмсгөлтэйгөөр хуучин багийнхаа хаалганд гоол оруулан тооны харьцааг нээлээ. 


Эхэлж гоол алдсан ч "Дэрэн" клубийн залуус огтхон ч бууж өгсөнгүй эцсийн мөч хүртэл тэмцсэнийхээ үр дүнд 1:2-оор хожиж чадлаа. Хашир туршлагатай довтлогч Ц.Түмэнжаргал багийнхаа эхний гоолыг оруулж, 90 дэх минутад М.Жансерикт гоолын дамжуулалт өгсөн юм. "Мазала" үндэсний дээд лигийн III тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж нийт 23 гоол орсон таван сонирхолтой тоглолтыг МХБХ-ноос тоймлон хүргэж байна.



Хоромхон 0:4 Атлетик 220

 

20 жилийн түүхт “Хоромхон” клуб нэг улирал доод лигт тоглосны эцэст эргэн дээд лигтээ дэвшээд байгаа билээ. Нээлтийн тойргоос эхлэн лигийн медальт байрын төлөө өрсөлддөг багуудтай хүч үзэж байгаа тул “Хоромхон”-ы тоглолтыг дутуу үнэлэх аргагүй. “Улаанбаатар” клубтэй эхний хагаст гоолгүй тэнцэж, “Андууд сити” нэгдүгээр үед 1:0-ээр тэргүүлсэн “Хоромхон”-чууд тоглолтыг сайн эхлүүлдэг үзүүлэлтээ хадгалаж “Атлетик 220”-той хийсэн тоглолтын нэгдүгээр үед 0:0-ээр тэнцсэн. Дээд лигт дэвшсэн цагаасаа л медальт байрын төлөө өрсөлдөж байгаа “Атлетик 220” клубийн залуус шийдвэрлэх үеийн санаачлагыг гартаа авч 0:4-өөр өрсөлдөгчөө буулган авлаа. “Хоромхон” клубээс хөлбөмбөгчний замналаа эхлүүлсэн Н.Наранболд 60 дахь минутад торгуулийн цохилтоос тоог нээсэн бол Б.Мөнх-Эрдэнэ хоёр гоолыг мөргөж оруулан агаарын тулаанд муугүй довтлогч гэдгээ батлан харуулав. “Атлетик 220” клубт хоёр дахь улиралаа тоглож буй Япон легионер Хашигүчи Норито энэ тоглолтын гурав дахь гоолыг орууллаа.

 

Хангарьд 0:3 Улаанбаатар сити

 

Монгол орны 21 аймгаас ганцаар үндэсний дээд лигт өрсөлддөг Орхон аймгийн “Хангарьд” клуб “Мазала” лигийн 2019 оны анхны тоглолтоо “Улаанбаатар сити” клубийн эсрэг хийж 0:3-аар хожигдлоо. “Улаанбаатар сити”-ийн гурван гоолын хоёрыг нь “Хангарьд”-ын хүүхдийн багаас өсөн дэвшиж, үндэсний дээд лигийн мөнгөн медаль, мэргэн бууч болж 2016 оны “Алтан бөмбөг” шагналыг хүртэж байсан О.Мижиддорж оруулсан нь онцгой байв. Тоглолтын эхний хагасын 24 дэх минутад “Улаанбаатар сити” клубийн Испани хагас хамгаалагч Яго Перез шууд чөлөөт цохилтоос гоол оруулсан. Харин О.Мижиддорж хоёрдугаар үеийн 70 дахь минутад сэлгээгээр орж ирээд 73, 90+5 минутад төрөлх багийнхаа эсрэг гоол орууллаа. Орхон аймгийн “Хангарьд” клуб лигийн хоёр дахь тоглолтоо тавдугаар сарын 04-ний бямба гарагт “Хаан Хүнс Титэм” багтай хийх бол “Улаанбаатар сити”-ийн дараагийн учраа нь “СП Фалконс” байна.

 

Эрчим 5:2 Андууд сити

 

“Эрчим” клуб дээд лигт дөрөв дараалан түрүүлсний гол шалтгаануудын нэг нь улирлын эхний хагаст оноо алддаггүй явдал юм гэж хөлбөмбөг сонирхогчид, судлаачид, сэтгүүлчид үздэг. Тэгвэл дархан аваргууд гурван тойрогт өө сэвгүй тоглолтуудыг үзүүлээд байна. Гуравдугаар тойрогт өнгөрсөн улирлын хүрэл медальт “Андууд сити” ДЦС-4 талбайд зочилж өрсөлдөөнтэй тоглолт үзүүлсэн ч оноо зулгааж үл чадав. Тоглолтын нэгдүгээр үед “Эрчим” клубээс Мотохиро Канаширо хоёр, С.Гал-Эрдэнэ, Г.Батбилгүүн нар тус бүр нэг гоол оруулж, талбайн эзэд 4:0-ээр тэргүүлээд эхэлсэн. “Андууд сити” клубийн залуус хоёрдугаар үед сэргэлт авч Харрэвэлт 65’, П.Энхбилэг 72’ нар тооны харьцааг ойртуулав. “Андууд сити” клуб 78 дахь минутад торгуулийн цохилтоос тоог 4:3 болгох боломжоо алдсан нь “Эрчим” клубт хожил авах боломжийг олгосон гэж болно Зочин баг боломжуудаа ашиглаж чадахгүй байсныг “Эрчим”-ийн залуус шийтгэж 86 дахь минутад С.Гал-Эрдэнэ тоглолтын эцсийн цэг болгосон гоолыг орууллаа.


 

Улаанбаатар 4:2 Хаан Хүнс Титэм

 

Дээд лигийн дарийн утаа үнэрлэж буй “Хаан Хүнс Титэм” клубийн залуус улирлын анхны гоолоо “Улаанбаатар” клубийн хаалганд оруулж, эхний зорилгоо биелүүлж чадлаа. “Мазала” үндэсний дээд лигийн 2018 оны улиралд мөнгөн медаль хүртсэн “Улаанбаатар” клубээс М.Батхишиг 27’, 77’, Абэ Хаяахидэ 48’, О.Баяржаргал 78’ нар гоол оруулав. “Хаан Хүнс Титэм” клубийн залуус олон боломжоо салхинд хийсгэсэн ч 86 дахь минутад Мохамед Хассаан, 90 дэх минутад Андрей Зорин гоол оруулж тоглолт 4:2-өөр өндөрлөв. “Улаанбаатар” клуб дөрөвдүгээр тойрогт хүчтэй өрсөлдөгчдийн нэг “Андууд сити”-тэй тулгарах бол “Хаан Хүнс Титэм” адил оноо авч амжаагүй байгаа “Хангарьд” багтай тоглоно.



Холбоотой мэдээ