Сагсан бөмбөгийн лигийн багууд “Холбооны цом”-ын төлөө өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбооноос энэ жил анх удаа “Холбооны цом”-ын төлөөх тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
Уг тэмцээнд оюутны болон дээд, хөгжлийн лигийн эрэгтэй 32, эмэгтэй 16 баг өрсөлдөнө. “Холбооны цом”-ын тэмцээнийг хасагдах журмаар зохион байгуулах бөгөөд ердөө ганцхан тоглолтоор ялагчийн хувь заяаг шийдвэрлэнэ гэсэн үг. Уг тэмцээнд оролцогч багууд зөвхөн монгол дасгалжуулагч, монгол тамирчдаа талбайд гаргахаараа онцлогтой бөгөөд түрүүлсэн баг 100 сая төгрөг гардана. Харин мөнгөн медалийг 50, хүрлийг 25 сая төгрөг дагалдах аж.
Холбооны цомын тэмцээн энэ сарын 31-нд эхэлж, ирэх сарын 5-нд медальтнууд тодорно.

Улаанбаатар