Хууль зүйн байнгын хорооны хоёр өөр шийдвэр

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2019-05-03 12:48:54

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилуулахаар нэрийг  нь дэвшүүлэн УИХ (2019 он 4 дүгээр сарын 23) өргөн мэдүүлсэн юм. Парламент нэр дэвшигчдийг хэлэлцээд (2019 оны 5 дугаар сарын 2) томиллоо. АТГ-ын шинэ удирдлага томилогдсоноор  хуучин дарга  Х.Энхжаргал,  дэд дарга Ц.Нямдорж нар чөлөөлөгдлөө. Энэ бол сая болж өнгөрсөн явдал.


АТГ-ын даргаар Д.Даваа-Очир, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилуулахаар анх 2018 оны 5 дугаар сарын 3-нд Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлж байсан билээ. Тухайн үед www.president.mn (2018 оны 4 дүгээр сар) цахим хуудсаар явуулсан нээлттэй санал асуулгад  зургаан мянга 405 иргэн оролцсон. Харин АТГ-ын даргад 179 хүн, дэд даргад 317 хүний нэрийг иргэд  дэвшүүлсэн байдаг. Тэднээс Д.Даваа-Очир, Ж.Батсайхан нар олонхын санал авсан тул Ерөнхийлөгч нэрийг нь дэвшүүлж УИХ-д өргөн мэдүүлсэн. Эдгээр нэр дэвшигчийг тухайн үед хэлэлцэх болоход парламентад АТГ-ын дарга Х.Энхжаргал (2016 оны 7 дугаар сарын 8-нд томилогдсон)-ын бүрэн эрх дууссан эсэх талаар маргаан өрнөсөн юм. АТГ-ын дарга Н.Ганболд 2011 оны 11 дүгээр сарын 17-нд зургаан жилээр томилогдоод 2016 оны 4 дүгээр сарын 12–нд чөлөөлгдсөн. Ийм учраас Х.Энхжаргалын бүрэн эрх Н.Ганболдын томилогдсон өдрөөс эхлэн тоологдоно. Энэ хоёр даргын  хугацаа нэг зэрэг 2017 оны 11 дүгээр сарын 17-нд дууссан гэдэг тайлбарыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас хийж байсан юм. 


Тэдгээр нэр дэвшигчдийг УИХ хүлээн авч Хууль зүйн байнгын хороо (2018 оны 5 дугаар сарын 8)-ны  хурлаар хэлэлцэх болоход, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “АТГ-ын дарга, дэд даргыг томилох Ерөнхийлөгчийн санал нь хууль зөрчсөн үйлдэл. "Авилгын эсрэг хууль"-ийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу 6 жилийн хугацаагаар томилно гэж заасан байна. Ийм нөхцөлд байнгын хороо уг саналыг хэлэлцвэл Үндсэн хууль, холбогдох хуулиудыг зөрчинө” гэж хэлж байжээ. Харин гишүүн Б.Дэлгэрсайхан “Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэхгүй” гэсэн горимын санал гаргаж санал хураахад, гишүүдийн 80 хувь нь түүний саналыг дэмжиж тус байнгын хороо хэлэлцэхгүйгээр  АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшсэн Д.Даваа-Очир, Ж.Батсайхан нарыг буцааж байжээ. Хууль зүйн байнгын хороо жилийн өмнө ийм шийдвэр гаргаж АТГ-ын удирдлагыг авч үлдэж байсан аж.


Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн АТГ-ын дарга, дэд  дарга (2019 он) шинэчлэн  нэр дэвшүүлсэн З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг 5 дугаар сарын 1-ний өдөр хэлэлцээд 2018 онд гаргасан шийдвэрийнхээ  эсрэг санал дүгнэлт гаргалаа. Хууль зүйн байнгын хорооны гаргасан энэ санал дүгнэлтийг үндэслэн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн АТГ-ын шинэ удирдлагыг томилж байгаа нь энэ. Ийм болохоор тус байнгын хороог нэг жилийн дотор нэг асуудал (АТГ-ын дарга дэд даргыг томилох)-аар хоёр өөр шийдвэр гаргасан гэж ойлгож болно. 


Болсон үйл явдлыг хөөн харвал Хууль зүйн байнгын хороо сая гаргасан шийдвэрээрээ  Үндсэн хууль, “Авлигын эсрэг хууль”-ийн дагуу Ерөнхийлөгчийн АТГ-ын дарга, дэд даргад нэрийг нь дэвшүүлж, өргөн мэдүүлсэн Д.Даваа-Очир, Ж.Батсайхан нарыг 2018 онд хууль зөрчин буцааж байсан гэдгээ хүлээн зөвшөөрөв бололтой. Бодит үнэнтэй  цаг хугацааны эрхээр нүүр тулсан тус байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Авилгын эсрэг хууль”-ийн салаа утгатай заалтын талаар иргэн Алтангэрэл 2018 онд Үндсэн хуулийн Цэцэд хандсан юм билээ. УИХ-аас ҮХЦ  тайлар шаардсан. УИХ тайлбарыг хуулийн хугацаанд буюу 2018 оны 8 дугаар сард гаргаж өгсөн. Гэвч Цэц хурал хийгээгүй өдий хүрлээ. Цэц ажлаа хийхгүй байгаа учраас АТГ-ын дарга, дэд даргыг дуртай өдрөө өөрчилдөг байдалд УИХ орлоо” хэмээн хэлж байв. АТГ-ын дарга, дэд даргыг Үндэсний аюулгын байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн зөвлөмж гарсан нөхцөлд өөрчлөх заалт “Авилгын эсрэг хууль” (ээлжит бус чуулганаар 4 дүгээр сарын 26)-д оруулсан.  Гэвч  АТГ-ын дарга, дэд дарга Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарыг чөлөөлөх тухай ҮАБЗ зөвлөмж гаргаагүй гэнэ. Гэхдээ тэднийг чөлөөлөх, ийм халаа, сэлгээ хийхийн тулд УИХ бүтэн жилийг зориулав бололтой. Аливаа  томилгоо цаг их шаардах юм даа.

Холбоотой мэдээ