Газрын тос хайж, олборлох таван гэрээ хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2019-05-01 14:40:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АМГТГ-аас өнөөдөр “Газрын тосны салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв” хэлэлцүүлэг “Бишрэлт” зочид буудалд зохион байгууллаа.

Тус газрын Газрын тосны салбар хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаярын мэдээлж буйгаар, манай улсын нутаг дэвсгэрт газрын тосны тав, нүүрсний давхаргын метан хийн долоо, шатдаг занарын эрэл хайгуулын дөрвөн гэрээ хэрэгжүүлж байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 22 талбайд газрын тосны хайгуул хийж, гурван талбайг олборлон ашиглаж байгаа аж. Нийт нутаг дэвсгэрийн 25 хувьд хүндийн хүч болон гурван хэмжээст чичирхийллийг судалж 1534 цооногийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр өрөмдөж буйг мэдээллээ. Ийнхүү газрын тосны эрэл, хайгуулын дүнд манай улс газрын тос олборлогч улс болж, олборлож буй гурван талбайд 332.64 сая тонн газрын тосны нөөц, 43.258 сая тонн ашиглах баталгаат нөөцийг тогтоож Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн санд бүртгээд байгааг мэдээлэв.


Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Газрын тосны олборлолтыг тогтвортой нэмэгдүүлэн, боловсруулах үйлдвэр байгуулна” гэж заасны дагуу 2017 оны гуравдугаар сарын 20-ны 92-р тогтоолоор “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит ХХК байгуулаад байгаа билээ. 2015 онд хийсэн урьдчилсан ТЭЗҮ-гээр Сайншандад 1.5 сая тонны хүчин чадалтай үйлдвэр барихаар шийдвэрлэж, нарийвчилсан ТЭЗҮ-г Энэтхэг улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр тус улсын төрийн өмчит компани хийж буйг өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр мөн дурдав.

Газрын тосны олборлолтын хэмжээ цаашдаа нэг сая тонн орчим байх тул боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тогтвортой хангах шаардлагатай. Энэ үүднээс Төрөөс газрын тосны салбарт 2027 он хүртэл баримтлах бодлогод тусгасан газрын тосны эрэл, хайгуулыг эрчимжүүлж, нөөцийг өсгөн, олборлолтыг нэмэгдүүлж бүс нутгийн хөгжлийг дэмжих замаар энэ салбарын үндэсний аж үйлдвэрийн суурийг тавих зорилтыг хэрэгжүүлнэ гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компани, ААН, төрийн болон ТББ-ын төлөөлөл онцолж байв.


Монгол Улс газрын тос олборлогч орны нэг болоод байна


Өнгөрсөн дөрөвдүгээр сараас шатахууны үнэ нэмэгдээд буй талаар хэлэлцүүлгийн үеэр АМГТГ-ын Газрын тосны салбар хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас тодруулахад, тэрээр үүнийг хилийн үнэ өссөнтэй холбон тайлбарлаж байв. Гадаад зах зээлд газрын тосны үнэ нэмэгдсэн нь манай улсад шатахууны жижиглэнгийн үнэ тодорхой хэмжээгээр өсөхөд нөлөөлсөн. Тодруулбал, хил дээрх импортын үнэ тонн тутамд гуравдугаар сард 30, дөрөвдүгээр сард 71, тавдугаар сард 53 ам.доллараар нэмэгдэн орж ирж байна гэв.

Манай улс шатахууны гол нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанитай 2013 онд хийсэн таван жилийн гэрээг 2018 онд шинэчилж, Сингапур дахь олон улсын бирж дээрх брэнд төрлийн дэлхийн тосны үнэд үндэслэн сар тутамд хил дээрх үнээ тогтоож байгаа аж.


Тодруулга: Жилд 1.800 мянган тонн шатахуун хэрэглэдэг манай улс 2017 онд 1.400 гаруй, 2018 онд 1.800 гаруй мянган тонн шатахуун импортоор авчээ. Нийт хэрэгцээний 30 гаруй хувийг Аи-92, 60 гаруй хувийг дизелийн түлш эзэлдэг байна. Уул уурхай, барилга, газар тариалангийн салбарын үйл ажиллагаа өргөжсөнөөр дизелийн түлшний хэрэглээ нэмэгдэж, сүүлийн хоёр жилд 300 орчим мянган тонн дизелийн түлш импортоор оруулж иржээ.

 

Б.Болд

 

Холбоотой мэдээ