Туслах малчид сумд руу хөдөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-03-24 14:29:21

Баянхонгор аймгийн хэмжээнд 3.7 сая толгой мал байгаагийн 1.5 сая нь төллөх юм байна. Тус аймагт “Илгээлтийн эзэн” аян өрнөснөөр залуус 14 хоногийн хугацаанд сумдад ажиллахаар энэ сарын 19-нд илгээлтээ өвөртлөн хөдөөг зорилоо.

Малчдаас туслах малчин авах захиалгыг авч, мөн энэ хөтөлбөрт оролцох хүсэлтэй ажилгүй иргэдийг бүртгэсэн байна. Тодруулбал, 15 сумын 390 малчнаас туслах хүн ажиллуулах хүсэлт ирүүлсэн бөгөөд 390 өрхийн нийт 250 мянга орчим толгой мал байгаа, үүний 110 мянга нь төллөх аж.

“Шинэ зууны илгээлтийн эзэд 2016” хөтөлбөрт ажиллах хүний 186 төрийн албан хаагч, 204 нь Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэд юм байна. Төрийн албан хаагч залуус малчдын амьдрал ахуйтай биечлэн танилцсанаар тэдэнд үзүүлэх төрийн үйлчилгээ чанартай, бодитой болох үр дүн гарна хэмээн тооцжээ.

Сонирхуулахад, Баянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу “Шинэ зууны илгээлтийн эзэд” аян 2 дахь жилдээ өрнөж байна. Ажлыг хэсгийг тус үйл ажиллагааг анх санаачилсан Баянхонгор аймгийн Баацагаан сумаас ИТХ-д сонгогдон ажиллаж байгаа н.Бат-Очир ахлан ажиллажээ. Улирагч онд малчдынхаа хамгийн их хүч хөдөлмөр зарцуулдаг хаврын улирал тэр тусмаа мал төллөх ажилд нь туслахаар 230 илгээлтийн эздийг 15 суманд 7 хоногийн хугацаатай явуулж байсан аж. Энэ ажил малчдын хувьд их чухал ажил болсныг тэд хэлээд дараа жил дахин явуулаарай хугацаа нь арай урт баймаар байна бид өөрсдөө тодорхой зардал гаргая зэрэг саналууд их ирж байсан учир 2016 ондоо дахин явуулахаар болсон юм байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ