“Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хугацааг 2022 он хүртэл сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-05-02 16:55:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Дэлхийн банкны Хүний хөгжлийн төвийн тэргүүн Руслан Емцовыг хүлээн авч уулзлаа.


БСШУСЯ 2015 оноос Дэлхийн банкны дэмжлэгээр “Боловсролын чанарын шинэчлэл” төслийг амжилттай хэрэгжүүлж, бага боловсролын чанарыг дээшлүүлэх хүрээнд бага ангийн сурагчдын математик, байгалийн ухааны сургалтын хэрэглэгдэхүүн, эх хэлний сургалтын номоор хангах, шинэлэг арга нэвтрүүлэх, багш нарыг сургах, бага боловсролын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор сургууль бүрийг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах ажлыг хэрэгжүүлсэн.

Уулзалтаар төслийн үр дүнгийн талаар санал солилцож хугацааг 2022 он хүртэл сунгахаар тогтлоо.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Монгол Улсын өмнө тулгамдсан олон асуудалд дэмжлэг үзүүлэн ажилладагт талархал илэрхийлээд, БСШУСЯ-ны тэргүүлэх зорилт, хэрэгцээ шаардлагын талаар мэдээлэл өгөв. Юуны түрүүнд хүүхдийг хүчирхийллээс ангид байлгах, тусгай хэрэгцээт боловсрол олгох багш болон нэн дутагдалтай байгаа дуу хөгжмийн багш бэлтгэх, сурагчдыг сурах таатай нөхцөл боломжоор хангахын тулд модон жорлонгийн асуудлыг шийдвэрлэх ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Ноён Руслан Емцов, Хүний хөгжлийн асуудалд онцгой чиг үүргээр урд өмнөхөөс илүү анхаарч ажиллах үүрэг даалгавар авч томилогдон ирснээ тэмдэглээд, тасралтгүй хөгжиж байгаа энэ цаг үед хөрвөх чадвартай хүн бий болгох нь чухал. Хүүхдийг хүчирхийллээс ангид байлгах, сурах аюулгүй орчин бүрдүүлэх нь хөгжиж буй орнуудын өмнө тулгамдаж байна. Тиймээс яамны бодлого зорилтын хүрээнд дэвшүүлж байгаа хэрэгцээг үндэслэн Дэлхийн банк бүхий л талаар дэмжин ажиллах болно” гэлээ.

 

 

Холбоотой мэдээ