Б.Мандахгэрэл: Зургаа хоногийн дотор нэмж хүн өвчлөөгүй тохиолдолд хорио цээрийг цуцална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-05-02 23:44:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгонд тарваган тахал өвчнөөр хоёр хүн өвчилж нас барсантай холбогдуулан ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан шуурхай бүлэг тус аймагт ирж ажиллаж байна. Шуурхай бүлгийн ахлагчаас гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээнүүдийг хэрхэн зохион байгуулж байгаа талаар дараах тодруулгыг авлаа.


          Гоц халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр шуурхай бүлэг, аймгийн Онцгой комиссын зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна?

-Гоц халдварт тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар дөрөвдүгээр сарны 30-ны өдрөөс хорио цээрийн дэглэм тогтоож ажиллаж байна. Нөхцөл байдлын талаар хэлэхэд, тарваган тахал эсэх нь эхэндээ тодорхойгүй, өвчилсөн иргэн өндөр халуурсан, гүйлгэсэн, бөөлжсөн гэсэн мэдээлэлтэй, тархвар зүйн судалгаагаар тарваганы махыг түүхий идсэн, тарвагатай харьцсан гэсэн мэдээлэл тогтоогдоогүй. Шинж тэмдгээрээ тарваган тахал өвчин байж болзошгүй гэдэг дээр мэргэжлийн байгууллагууд тандалт, судалгаагаа чиглүүлэн ажиллалаа. Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс ирж ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүсийн хийсэн шинжилгээгээр хоёр иргэн тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвчилж нас барсан нь тогтоогдоод хариу арга хэмжээнүүдийг шуурхай авч ажиллаж байна.

Хамгийн түрүүнд нэг, хоёрдугаар хавьтлыг олж тогтоох, ялангуяа өвчтөнтэй ойрхон байсан, үзлэг хийсэн эмч, асарч сувилсан эмнэлгийн байгууллагын ажилтнууд, ар гэрийн хүмүүс, салах ёс гүйцэтгэхээр ирж байсан хамаатан садны хүмүүсийг хяналтад авч, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж байна. Энэ өвчинтэй тэмцэх дараагийн арга хэмжээ бол хорио цээрийн дэглэм тогтоох ажиллагаа байгаа. Уг ажилд аймгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн байгууллагууд хүн хүчээ гаргаад ажиллаж байна. Иргэдийн хувьд аймгийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу хөл хорио тогтоосон хугацаанд ямар нэгэн хөдөлгөөн, ялангуяа Өлгий сумаас гарах хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эрс хязгаарлах шаардлагатай байна.

- Нас барсан иргэдтэй хавьтсан хэдэн хүнийг тусгаарласан вэ?

- Нэгдүгээр хавьтлын тоог эхэндээ 91 хүн гэж гаргасан. Гэвч энэ тоо нэмэгдэж байгаа.

- Эм тариа, ариутгалын бодис хүрэлцээтэй юу?

-Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд тодорхой хэмжээний эм тариа, ариутгал, халдваргүйтлийн бодисын нөөцтэй байх ёстой. Тэр нөөц нь өнөөдөртөө хүрэлцээтэй байна. Өвчин хүндэрч даамжрах юм бол эм тариа, ариутгалын бодисын нэмэлт хэрэгцээ гарна.

- Тухайн гоц халдварт өвчнийг орон нутгийн хэмжээнд хяналтад байлгах боломж байгаа юу?

- Боломж байгаа. Хамгийн гол нь хорио цээрийн дэглэмийг чанд сахих ёстой. Энэ нь хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр дамждаг өвчин байгаа.

- Хорио цээрийн дэглэм хэд хоног үргэлжлэх төлөвтэй байна?

- Эрүүл мэндийн сайдын 2017 оны 160 дугаар тушаалаар батлагдсан энэ өвчинтэй тэмцэх, хариу арга хэмжээ авах заавар журам байдаг. Тухайн журмаар бол зургаа хоногийн хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоодог. Энэ зургаа хоногийн хугацаанд дахиж сэжиг илрээгүй, хүн нэмж өвчлөөгүй тохиолдолд хорио цээрийн дэглэмийг цуцална.

- Сэжиг илэрсэн тохиолдолд яах вэ?

- Илэрсэн өдрөөс эхлэн дахиж зургаа хоногоор хөл хориог сунгана.   



Холбоотой мэдээ