"Сэтгүүлч Батдорж сан" 14,5 сая төгрөгийн оюуны хөрөнгө оруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Сэтгүүлч Батдорж” сан жил бүр сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд эссе бичлэгийн уралдаан зарлаж, 5 дугаар сарын 3-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр уралдааны аваргуудыг нэрлэдэг уламжлалтай.
Өмнөх жилүүдэд “Цахим орчин дахь бидний араншин”, “Эх хэл-монгол дархлаа” зэрэг сэдвийн хүрээнд уралдааныг зохион байгуулсан бол өнөө жил “Шинэ Монголын тухай” сэдвийн хүрээнд болсон байна. Энэ жилээс уралдааны шалгуурт өөрчлөлт оруулж, хоёр үе шаттай зохион байгуулжээ. Эхний шатанд эссе бичиж, дараагийн шатанд шалгарсан оюутнууд телевизийн сурвалжлага бэлтгэж, өрсөлдсөн байна.
Зургаадугаар уралдаанд 36 бүтээл ирүүлснээс, хоёрдугаар шатанд 11 оюутан шалгарчээ. Тэргүүн байрт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн II ангийн оюутан Н.Энхтэнгэр “Хачин хүмүүс” сурвалжлагаараа шалгарч, бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг гардав. Тусгай байрт МУИС-ийн 3-р курсийн оюутан Б.Сарангэрэл, ХҮИС 2-р курсийн оюутан Х.Хулан, МУИС 3-р курсийн оюутан Х.Үүрийнтуяа, МУИС 3-р курсийн оюутан Т.Энхнаранжав, МУИС 2-р курсийн оюутан С.Чүнсэрээ нар шалгарч өргөмжлөл, мөнгөн урамшуулал хүртэв.
“Сэтгүүлч Батдорж” сан 2014 оноос хойш 5 оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг, 25 оюутанд мөнгөн урамшуулал олгож, 14.5 сая төгрөгийн оюуны хөрөнгө оруулалт хийсэн байна.