Хүүхдийн урлагийн бага наадамд 822 хүүхэд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-05-07 17:00:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр, Дорждавга сангаас хамтран Зууны манлай алдарт уртын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж. Дорждавгын нэрэмжит “Хүүхдийн урлагийн бага наадам”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн урлагийн бага наадам өнгөрөгч амралтын өдрүүдэд болж 822 сурагч оролцжээ.

Урлагийн бага наадамд оролцогчид монгол ардын уртын дуу, үндэсний хөгжим, морин хуурын чуулга, ардын бүжиг, найрал дуу, язгуур хамтлаг зэрэг долоон төрөлд өрсөлдсөнөөс энэ жил монгол ардын уртын дуу, морин хуурын чуулга төрлүүдэд илүү олон хүүхэд орж өрсөлдсөн аж.

Энэ жилийн урлагийн бага наадамд 13 сумын 822 сурагч ирж оролцсон нь өнгөрсөн жилүүдийнхээс илүү олон оролцогчтой, өргөн болжээ.

Тус наадамд Сайнцагаан сумын “Говийн ирээдүй” цогцолбор сургууль түрүүлж, “Эрдмийн далай цогцолбор” сургууль удаалж, “Цэгц билиг” сургууль гуравдугаар байр эзэлсэн байна.

“Хүүхдийн урлагийн бага наадам-2019”-д оролцогч авъяаслаг хүүхдүүд аймгийн төв талбайд Ш.Сүрэнжавын үг, Д.Баттөмөрийн ая “Миний нутгийн бараа” дууны аялгууг эгшиглүүлж, олон түмэндээ толилуулжээ. 

Холбоотой мэдээ