“Цогтчуудын бөхийн баяр” спортын арга хэмжээ боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-05-07 21:29:10

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Цогт сумын ИТХ, ЗДТГ-аас Монгол Улсын өсөх идэр начин Л.Цэрэнтогтохтой хамтран “Цогтчуудын бөхийн баяр” спортын арга хэмжээг тавдугаар сарын 6, 7-ны өдөр зохион байгууллаа.

Тус сумын Ерөнхий боловсролын сургуульд 9 сая төгрөгийн үнэ бүхий үндэсний бөхийн дэвжээ, 6 сая төгрөгийн үнэ бүхий чөлөөт, жудо бөхийн дэвжээ, Баянтоорой тосгоны ЕБС-д үндэсний бөхийн дэвжээ, зодог шуудаг, жудо бөхийн өмсгөл, ном сурах бичгийг сумын Засаг дарга Л.Насанбуян, Монгол Улсын өсөх идэр начин Л.Цэрэнтогтох нар гардуулан дэвжээний нээлтээ хийж ийнхүү баяраа тэмдэглэсэн ажээ.

Их спортын ертөнцөд Говь-Алтай аймгийн Цогт сумаар овоглосон алдартнуудыг төрүүлж, жүдо, чөлөөт бөхөөр тив дэлхийн олимпын аваргуудыг бэлтгэх, үндэсний бөхийн дээд цолтонтой болох зорилгоор уг арга хэмжээг зохиожээ.

Мөн үеэр сумын заан Б.Лувсандоржийн нэрэмжит хүчит 64 бөхийн барилдаанд Аймгийн начин Д.Индрабал түрүүлж, сумын заан Ж.Баатарцэрэн үзүүрлэж, сумын заан Н.Оюунбаатар, залуу бөх С.Өсөхжаргал нар шөвгөрлөө.

Харин хүүхдийн барилдааны 13-14 насны ангилалд тус сумын Далан багийн өсвөрийн бөх Н.Алтаншагай түрүүлж, Төгрөг багийн өсвөрийн бөх Н.Энхбаяр үзүүрлэж, Баянтооройд тосгоны өсвөрийн бөх Б.Эрдэнэбаяр нар 15-16 насны ангилалд Баян-Өндөр багийн бөх Б.Отгонбилэг түрүүлж, Баянтоорой тосгоны бөх Д.Хатансайхан үзүүрлэж, Рашаант багийн бөх Г.Гансэлэм, Баян-Өндөр багийн бөх О.Батбаяр нар шөвгөрсөн юм.

Түүнчлэн "Хэвтээ шахалт"-ын тэмцээнд тус сумын Төгрөг багийн тамирчин Л.Насанбуян 130 кг шахаж нэгдүгээр байр, Баянтоорой багийн тамирчин Н.Оюунбаатар, Баян-Улаан багийн тамирчин О.Ганчулуун нар 90 кг шахаж удаалжээ.


Холбоотой мэдээ