Монголын пионерүүд 94 нас хүрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-08 12:59:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 94 жилийн өмнөх энэ өдөр Монголын хүүхдийн анхны байгууллага Пионербн байгууллагыг үүсгэн байгуулжээ. Монголын суут зохиолч Дашдоржийн Нацагдорж санаачлан “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” байгуулан, пионерын сүлд дууг ч зохиосон түүхтэй. 

1925 оны 5 дугаар сарын 8-ны энэ өдөр улаан бүч зүүсэн хүүхэд багачууд "Бүхий олон багачууд аа, бүрхсэн улаан тугаа..." гээд л бүрээ үлээж, бөмбөр нижигнүүлэн жагсаж, гар, хөлөө нийлүүлэн алхаж, шинэ сургууль боловсролын уухайг хадуулж явсан байна. Энэ өдрийг санагдуулам бөмбөр нижигнүүлэн, бүрээ цангинуулан, улаан бүч зүүсэн хүүхэд, хүүхдийн байгууллагын ахмадууд өнөөдөр Д.Нацагдоржийн хөшөөний өмнө хүндэтгэлийн цуглаан хийлээ. 


МҮОНРТ-ийн "Улаан бүч" чуулгын багачууд, Ардын жүжигчин Ч.Мөнхшүр пионерын дууг дуулж, ахмад үе, нийслэлийн хүүхдийн байгууллага, сургуулийн багш, сурагчид их найрагчийн хөшөөнд цэцэг өргөж ёслов. Нийслэлийн пионерын байгууллагын даргаар олон жил ажилласан Нүдэнхүү баярын үг хэлж, ахмадууд улаан бүчээ нулимсаараа норгож харагдав. 
Пионерын байгууллагаас гавьяагаа дуурсгасан МУГБ Ч.Төвшинтөгс, МУСГЗ, сэтгүүлч Н.Чулуун нарын ахмад "Жил бүрийн энэ өдрийг ихэд хүлээдэг. Зуны эхэн сар ч таардаг. Цэцэг ногоо ч ургадаг. Хүүхэд багачууд ч хөөрөн гүйлдэж, сургуулийн төгсөлтийн хонхны дуу ч цангинаад цаанаа л нэг сайхан. Радиогоор л ганц дуулдаг "Пионерын дуу" сүүлийн үед сонсогдохоо болилоо. Харин радиогийн дэргэдэх хүүхдийн "Улаан бүч" чуулгынхан пионерын дууг сайхан дууллаа. Бид ч пионерын улаан, цэнхэр малгайг өмсөж, улаан бүчээ зүүсэн чинь хөл хөнгөрөөд хүүхэд насандаа очих шиг болж байна" гэж хөөрөлдөв.

Сүүлийн гурван жилд хүүхдийн байгууллагатай холбоотой хууль эрх зүйн болон төсөв санхүүгийн орчин, энэ чиглэлийн байгууллагын үйл ажиллагаа эрчимжлээ. 2017 онд хүүхдийн төлөө хийж хэрэгжүүлэх ажлын төсвийг өнөөдрийнхтэй харьцуулбал 15 дахин нэмэгдсэн. Мөн хүүхэдтэй холбоотой хууль тогтоомж шинэчлэгдэж байна. Гэр бүлийн тухай хуулийг УИХ-д өргөн бариад хаврын чуулганаар хэлэлцэхэд бэлэн боллоо. Монголын хүүхдийн төлөө ажилладаг байгууллагын нийт ажилтан, албан хаагчдын 85 орчим хувь нь орон нутагт ажиллаж байна. Бид бүхэн Монголын хүүхдийн төлөө зогсох түүхэн цаг үед ажиллаж байна гэж хүүхдийн байгууллагын ажилтнууд ярив.

Ирэх жил Монголын пионерын байгууллагын 95 жилийн ой, 2025 онд 100 жилийнх нь ой болно. Эдгээр ойг угтаад төрийн болон төрийн бус хүүхдийн байгууллагууд нэгдэн нийлж хийх ажил их байгааг ахмадууд сануулж байна.

Холбоотой мэдээ