Номын санчдыг чадавхжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-05-08 14:24:35

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын СГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит аймгийн Нийтийн номын сангийн зүгээс нийт номын санчдаа чадавхжуулах сургалтыг жил бүр явуулдаг. Энэ удаагийн сургалтыг Улаанбаатар хотын нийтийн төв номын сан /УБХНТНС/-тай хамтран “Номын сангийн шинэлэг үйлчилгээ, түүнийг хэрэгжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

Сургалтад сум, сургуулийн 30 орчим номын санч хамрагдаж байна. Тэд номын сан дахь бүтээлч орон зайг бий болгох, намтар номзүй хийх арга, тайлан боловсруулах, хэрхэн нээлттэй номын санч байх, шинээр нэвтрүүлж буй програмууд дээр ажиллах арга техник зэрэгт суралцаж буй юм.


Номын сан уламжлалт үйлчилгээнээсээ салж, соёлын үйлчилгээ олгох цогц мэдээллийн төв болох шатруугаа явж байгаа. Хот суурин газрын номын сангууд энэ үйлчилгээг нэвтрүүлээд эхэлсэн. Үүнтэй хөдөө орон нутгийн номын сангууд зэрэгцэн алхах ёстой. Үүний хүрээнд Сүхбаатар аймгийн номын санчдыг чадавхжуулах сургалтыг өгч байгаадаа баяртай байна. Номын сангийн үйлчилгээг хэрхэн шинэлэг байдлаар үзүүлж, үүгээрээ дамжуулан уншигчдыг татах, номын санг зорин ирэх хүмүүсийн тоог хэрхэн нэмэгдүүлэх талаар мэдээллээ өгч байна. Нийгмийнхээ хөгжлийг дагаад номын санч өөрөө мэргэжлийн ур чадвараас гадна уншигч үйлчлүүлэгчтэйгээ нээлттэй харьцах ёстой. Яг үнэндээ энэ байдал ихэнх номын санд биелдэггүй. Ер нь номын санч гэдэг мэргэжил өөрөө хүнийг дуугүй, чимээгүй болгож хувиргадаг. Энэ нь, энэ төрлийн мэргэжилтнийг бэлтгэж байгаа их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөртэй ч холбоотой. Тэгэхээр хаа хаанаа энэ хандлагыг өөрчлөх цаг болсон гэдгийг УБХНТНС-гийн хөтөлбөрийн ажилтан Б.Шүрэнбагана хэллээ.

Сүхбаатар аймгийн нийтийн номын сан нь Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран ажилладаг. Үүнийхээ хүрээнд анхныхаа сургалтыг номын санчдад олгож байгааг номын сангийн захирал Х.Мөнгөн-Өлзий хэлсэн үгэндээ онцлов.

 

Холбоотой мэдээ