Булган аймагт “Шинэ хөдөө-Булган” хөтөлбөр хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-05-08 22:03:17

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Шинэ хөдөө-Булган” дэд хөтөлбөрийг хоёр үе шаттай 2022 он хүртэл хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны үндэслэлтэй инновацыг нэвтрүүлж, бүс нутгийн онцлогт тохирсон эдийн засаг, бизнесийн тогтолцоог төр, хувийн хэвшил, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааны үндсэн дээр бий болгож, нийгмийн хариуцлагыг бүх түвшинд хэрэгжүүлэх замаар  өрхийн орлогыг  нэмэгдүүлэх нь энэ хөтөлбөрийн зорилго юм.

Тус аймгийн эдийн засгийн үндсэн суурь хөдөө аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 57.3 хувийг бүрдүүлдэг бөгөөд салбарынхаа 38.6 хувийг газар тариалан, 46.9 хувийг мал аж ахуй, 14.5 хувийг бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл тус тус эзэлдэг. Тиймээс хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого чухал байгаа талаар аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга хэллээ.

Мөн аймгийн хэмжээнд 3600 гаруй өрх амьдралын баталгаажих түвшнээс доогуур буюу 1667 өрхийн гишүүд огт ажил эрхлээгүй ядуу амьдарч байгаа нь хөдөөд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн, иргэдийн өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах зайлшгүй шаардлага байна гэж үзжээ.  

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийт мал сүрэгт өндөр ашиг шимтэй малын эзлэх хувийг одоогийнхоос 5,5 хувь нэмэгдүүлэн 20,0 хувьд хүргэх, махны чиглэлийн үхрийн тоо толгойг 2000-аар нэмэгдүүлэх, зөгийн бүлний тоог гурав дахин өсгөж, хураан авах балны хэмжээг дөрөв дахин их байхаар тооцсон байна. Газар тариалангийн салбарт хамгаалагдсан хөрсний тариалалтыг нэмэгдүүлж, хүнсний ногооны хангамжийг 53,5 хувь өсгөж, хүн амын хүнсний ногооны хэрэгцээг 70,0 хувиар хангах зорилт дэвшүүлээд байна.

Холбоотой мэдээ