Хятадын 100 орчим завь Малайзын усан хилд нэвтэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-25 13:56:17

КУАЛА-ЛУМПУР. /Bernama/. Хятадад бүртгэлтэй 100 орчим завь болон хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгис дэх Малайзын нутаг дэвсгэрийн усанд нэвтэрсэн тухай тус улсын Ерөнхий сайдын төлөөлөгч Шахидан Кассим мэдэгджээ.

Дээрх хэрэг пүрэв гарагт Калимантан арлаас хойш оршдог Лукониа шүрэн хадын бүсэд болсон байна.

Малайзын эрх баригчид Өмнөд Хятадын тэнгисийн байдлыг ажиглах үүргийг тус улсын Тэнгисийн цэргийн хүчинд өгчээ.
Хэрэв завинууд улсын эдийн засгийн чөлөөт бүсийн усанд орсон нь тогтоогдвол аюулгүй байдлыг хангах шаардлагатай арга хэмжээ авна гэж Кассим хэлжээ.

Өмнөд Хятадын тэнгисээр дэлхийн далайн ачаа тээврийн бараг гуравны нэг нь дайрч өнгөрдөг бөгөөд уг тэнгисийн гүехэн устай хэсэгт оршдог арлууд нефтээр баялаг юм. Энэ бүсийн янз бүрийн газар нутгийг эзэмших эрхтэй гэдгээ Хятадаас гадна, Зүүн Өмнөд Азийн улсуудын Холбооны гишүүн орнууд болох Бруней, Вьетнам, Малайз болон Филиппин улс мэдэгддэг.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ