Р.Жавзандулам багштай 9б ангийнхан "Хүмүүн бичиг" сониноо 100 хувь захиалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Заамар сумын 1-р сургуулийн 9б ангийнхан 2018-2019 оны хичээлийн жилийн II улиралд МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сониноо хамт олноороо захиаллаа.
Р. Жавзандулам багштай тус ангийнхан 2017-2018 оны хичээлийн жилд "Үндэсний сайхан бичигтэн" хамт олон болсон байна. Монгол хэл, уран зохиолын багш Р. Жавзандулам, мэдээлэл технологийн багш П.Урантуяа нарын удирдсан 9-р анги нь 50 сурагчтай бөгөөд 2016 оноос эхэлж “Хүмүүн бичиг” сониныг 100 хувь захиалан уншиж хичээл сургалтдаа хэрэглэж заншжээ.
II улиралд "Хүмүүн бичиг" сониныг Заамар сумын 1-р сургууль 100 ширхэгийг захиалан бусдыгаа манлайллаа.
Заамар сумын 1-р сургуулийн сурагч 9б ангийн Б.Бүжинлхам, А.Цэгц-Үжин, Д.Чанцалмаа, Б.Тэнгис, А.Мягмарцэцэг, А.Мөнгөнсарнай, 9а ангийн М.Нансалмаа нар "Сайхан бичигтэн”-ээр шалгарч хамт олноо тэргүүлсэн байна.
Тус сумын монгол хэл, уран зохиолын багш нар "Хос бичигтэн” дугуйлан үүсгэн байгуулж, монгол бичгээр унших, бичих сонирхолтой сурагчдыг хамруулан хичээллэж байгаа ажээ.
Монгол бичгээр хурдан
уншигч сурагчаар Б.Бүжинлхам, М.Нансалмаа, Д.Чанцалмаа нар шалгарсан байна.
2018-2019 оны хичээлийн жилд Төв аймгийн хэмжээнд болсон монгол хэл, бичгийн төрөлжсөн олимпиад болон “Эх хэл эрдмийн түлхүүр-XIV” олимпиадаас 9б ангийн сурагч А.Цэгц-Үжин тус тус хүрэл медаль авч, хос медальтан болсон амжилтыг үзүүлжээ.
Профессор Г.Даш багшийн нэрэмжит улсын IX олимпиадад Б.Бүжинлхам амжилттай оролцоод ирлээ хэмээн Заамар сумын 1-р сургуулийн багш Р. Жавзандулам мэдээллээ.