Цэцэрлэг, сургуулийн модон жорлонг шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-05-09 13:27:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Дэлхийн зөн-Монгол Олон улсын байгууллага, Мобиком корпорац, Монгол Коосэн төвийн холбогдох удирдлага, судлаачтай уулзаж, орон нутаг дахь сургууль цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах талаар санал солилцлоо.


Орон нутаг дахь сургууль, цэцэрлэгийн ихэнх нь одоог хүртэл модон жорлонтой байгаа юм. Хүүхэд эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бий болгох, модон жорлонгийн асуудлыг шийдвэрлэхэд салбарын яам онцгой анхаарч, Олон улсын донор байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.

БСШУС-ын сайд 2019 онд орон нутгийн Засаг дарга нартай байгуулах гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тэдний ажлын гүйцэтгэлийг дүгнэхдээ орон нутагтаа хичнээн сургууль цэцэрлэгийн модон жорлонг шинэчлэн сайжруулснаар нь үнэлнэ гэж тусгажээ.

Энэ ажилд хамгийн том дэмжлэг үзүүлж байгаа байгууллага нь Дэлхийн зөн-Монгол Олон Улсын байгууллага, Үүрэн холбооны оператор Мобиком корпорац юм. Эдгээр байгууллага хамтран 2014 оноос хойш модон жорлонг халах, сургууль цэцэрлэгийг боловсон ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд нийт 80 суманд 54 мянган хүүхэд боловсон бие засах газар ашигладаг болжээ.

2017 онд БСШУСЯ-наас баталсан чингэлэг байгууламжийн зургийг илүү сайжруулж, эко буюу усны хэрэглээ багатай, цахилгааныг нарны эрчим хүчээр шийдвэрлэсэн, илүү бат бөх материалаар хийх шинэ зураг төслийг Монгол Коосэн байгууллагын эрдэмтэн инженер, судлаачдаар хийлгэснээ танилцууллаа.

Энэхүү зураг чингэлэг байгууламжаар бүтээсэн боловсон бие засах газраас зөрүүгүй өртгөөр барих боломжтой хийгээд олон давуу талтай аж. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан суултуур нэмж байрлуулах, завсарлагааны богино хугацаанд олон хүүхэд үйлчлүүлэхэд хүлээлгийн хугацаа нь 75 секундээс ихгүй байхаар тооцоолж суултуурын тоог тогтоосон, хүйтэнд хүүхдийг гадагш гаргахгүйн тулд хүзүүвчээр сургуультай холбож өгөх байдлаар шийдсэн байна. Шинэ зураг төслөөр энэ онд 8000 хүүхэд боловсон бие засах газар ашигладаг болно гэж тооцоход 14 сая метр куб цэвэр усны хэрэглээг хэмнэх аж.

Холбоотой мэдээ