Хэмжил зүйн тухай хуулийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-09 16:44:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг , Хэмжил зүйн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлав.


Уг хуулийн төслийг Засгийн газар өнгөрсөн оны зургаадугаар сарын 26-нд өргөн мэдүүлсэн юм. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, үйл ажиллагааг нь олон улсын жишигт нийцүүлэх, хэмжил зүйн чадамж, үр дүнг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухаан, шинэ техник, технологийг нутагшуулах аргаар эдийн засгийг хөгжүүлэх боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзжээ.


Хэмжил зүйн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсантай холбогдсон шилжилтийн хугацааны зохицуулалтыг тусгасан Хэмжил зүйн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулжээ. Үүнд хэмжих хэрэгслийн загварын туршилт, шалгалтын баталгаажуулалт, шалгалт тохируулгын ажлыг 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэхээр тусгасан байна.


Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөхөөс өмнө олгосон хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийг хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэх юм.

Холбоотой мэдээ