Зуун сургууль 10 мянган нарс тарина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-10 16:58:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын 100 сургуульд 10 мянган нарс модны суулгацыг үнэ төлбөргүй өгнө. Тиймд “Бүх нийтээр мод тарих өдөр”-т идэвхтэй оролцохыг сурагч болон багш, эцэг эхчүүдэд БОАЖЯ уриалж байна.

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар, байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй “Хандлагаа өөрчилье” багц ажил болон “Ногоон паспорт” аяны хүрээнд “Сургуулийн орчиндоо мод тарьцгаая-2019” ажлыг зохион байгуулж байна. Энэхүү ажлыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Сэтгэмж” цогцолбор сургуульд эхлүүлж, 100 ширхэг нарс модны суулгацыг тус сургуульд гардуулан, багш, сурагчдын хамт тарилаа.

 

БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар, Нийслэлийн байгаль орчны газар болон Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв хамтран зохион байгуулж буй тус ажлын нээлтэд БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга нар болон сургуулийн удирдлагууд оролцов.

 

Ерөнхий боловсролын 100 сургуульд 10 мянган ширхэг суулгацыг тараах, тарих ажил энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.

 

Дашрамд дурдахад, “Тарьц суулгац-2019” үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд гарч байна.


Холбоотой мэдээ