"Golden Zaamar-2019" Олон улсын боксын тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-05-11 14:13:20

Төв /МОНЦАМЭ/. "Шижир Алт" боксын клубын үүсгэн байгуулсны 17 жилийн ой, Төв аймгийн "Алтан Од" боксын холбооны 5 жилийн ойн нэрэмжит "Golden Zaamar-2019" Олон улсын боксын тэмцээний удирдамж бэлэн болжээ.

Тэмцээн ирэх сарын 6-8-нд Заамар сумын "Хайлааст" багт болно. 

Тэмцээнийг МБХ, Төв аймгийн "Алтан Од" боксын холбоо, "Алтан Заамар" боксын клуб, Төв аймгийн залуучуудын холбоо хамтран зохион байгуулах ажээ.

Тэмцээний зорилго нь боксын спортыг хөдөө, орон нутагт хөгжүүлэх, өргөнөөр сурталчлах, хүүхэд залууст бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, тулааны туршлага суулгах, шилдэг боксчдын тулааныг үзэж суралцах, цаашдаа олон улс, тив, дэлхийн, олимпын наадамд улсаа төлөөлөн өрсөлдөх тамирчдыг бэлтгэх юм.

Тэмцээнийг Монголын Боксын холбоо (МБХ)-ноос томилогдсон шүүгчид AIBA буюу Олон улсын боксын холбоо (ОУБХ)-ны дүрмээр шүүнэ.

Насанд хүрэгчдийн, өсвөр үеийн охид, хөвүүд гэсэн ангиллаар тэмцээнийг явуулна.

Насанд хүрэгчид 52, 54, 57, 63, 69 кг жинд, өсвөр үеийн охид, хөвүүд 30, 34, 46, 52, 63 кг жинд өрсөлдөх аж.

Холбоотой мэдээ