"Азийн хүүхдүүд-2020" наадмын спорт тосгоны барилга 50 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол
Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Азийн хүүхдүүд-2020" наадмын цогцолборын
барилгатай танилцав. Энэ үеэр, барилгын ажил 50 хувьтай үргэлжилж
байгааг гүйцэтгэгч компанийн төлөөлөл танилцууллаа.
Ирэх онд Монгол Улс олон улсын хүүхдийн спортын VII их наадам зохион байгуулах үүрэг хүлээсэн. Азийн өнцөг булан бүрээс цуглах хүүхэд залуус авхаалж самбаа, хурд хүчээ Азийн цээжинд орших Монгол Улсад сорих болсон нь нэр төрийн хэрэг юм. Энэ хүрээнд өрнөж буй хамгийн том ажил нь Хан-Уул дүүргийн наймдугаар хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд байрлах “Азийн хүүхдүүд 2020” наадмын тосгоны барилга юм.
Өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус тосгоны битүү дээвэртэй "Мөсөн өргөө" ордны шав тавьсан. Энэ үеэрээ, усан бассейн, хөлбөмбөгийн талбай байгуулах ажлыг удахгүй эхлүүлэхээ сонордуулж байсан. Тэгвэл өнөөдөр ийнхүү барилгын ажил бүхэлдээ тал хувьдаа орсон гэдгийг гүйцэтгэгч "Улаанбаатар барилга" компанийн төлөөлөл танилцуулав. Тодруулбал, наадмын тосгонд байх олон улсын хөлбөмбөгийн холбооны "115мх85м" хэмжээтэй ногоон зүлгэн талбай байгуулах бэлтгэлийг бүрэн хангажээ. Тус талбайн газар шорооны ажлыг өнгөрсөн сард дуусгасан бол, одоо ус зайлуулах шугам татаж, талбайг тойруулан явган хүний зам хийх юм байна. Ингээд долоодугаар сар гэхэд гадаадын компани ирж ногоон зүлэг тавихад бэлэн болгох юм байна. Мөн битүү дээвэртэй ордны суурийг цутгаж эхэлсэн байна. Барилгын ажлыг төлөвлөсөн ёсоор 16 сарын дотор бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна гэдгийг гүйцэтгэгч компанийн төлөөлөл хэллээ.
Одоогоор 4000 орчим тамирчин байрлах тосгоны барилга дуусаж, гадна, дотно заслын ажил үлдсэн байна. Харин 50 метрийн бассейн бүхий усан спортын цогцолборын суурийг цутгаж дуусгасан байна.