Түр хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. С.Зоригийг хөнөөсөн хэргийн шийдвэрлэсэн байдлыг судалж, дүгнэх УИХ-ын Түр хорооны хуралдаан өнөөдөр эхэлсэн ч хаалттай горимд шилжив.
Хуралдааны эхэнд Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс өнгөрсөн сарын 10-нд ирүүлсэн шийдвэрийг хэлэлцэхээр тогтов. Энэ үеэр, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, дээрх хэргийн гүйцэтгэх ажиллагааны талаарх 70 минутын дүрс бичлэгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнд үзүүлсэн гэдгийг дурдаад, Түр хорооны гишүүд ч мэдээлэлтэй танилцах шаардлагатай гэдгийг онцоллоо. Тэрээр, Тагнуулын ерөнхий газарт тэрхүү бичлэгийг Түр хорооны гишүүдэд үзүүлэх хүсэлт гаргах нь зүйтэй" хэмээх санал гаргав. Мөн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөх явцад 2013 оноос хойш гарсан гүйцэтгэх ажиллагааны зардлын тайлантай Түр хорооны гишүүд танилцах шаардлагатай гэсэн санал гаргав.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх саналыг УИХ-ын гишүүн Л.Болд гаргалаа. Энэхүү саналыг Түр хорооны дарга Ж.Батзандан хүлээн авч, өнөөдрийн хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв.