Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мэдэгдэл гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-15 15:58:00

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сүүлийн үед Сэлэнгэ аймгаас "Хүүхэд алга боллоо, хүүхэд хулгайлахыг завдлаа, хүүхэд хулгайлж байгаад баригдлаа" гэх мэдээллүүд олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж, иргэдийн дунд батлагдаагүй худал мэдээлэл цацагдах болсон байна. Энэхүү  олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээлэл бүрийг нэг бүрчлэн шалгах ажлыг тус аймгийн Цагдаагийн газраас явуулахад таксинд явж байсан, буяны ажил гүйцэтгэж хүүхдүүдэд буяны зүйл өгч байсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон байна. Одоогоор Сэлэнгэ аймгаас хүүхэд хулгайлсан гэх гомдол, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй аж.

Харин тус аймгийн Жавхлант сумаас сураггүй алга болсон Б.Ундармаа охиныг эрэн сурвалжлах ажлыг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байгаа гэлээ. Иймд энэ мэт худал, ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, ард иргэдийн дунд буруу сэтгэгдэл төрүүлэхгүй байхыг анхааруулж дараах мэдэгдлийг хүргүүлж байна.

Мэдэгдэлд, цаашид энэ төрлийн гэмт хэргийг үзсэн, харсан тохиолдол бүрт цагдаагийн байгууллагад мэдэгдэж, хамтран ажиллахыг хүсье. Эцэг эх, асран хамгаалагч нар та бүхэнд үр хүүхдээ хараа хяналтгүй орхих, аливаа гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна. Энэ төрлийн мэдээ, мэдээллийг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн алба: 7036102, Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Т.Цэрэнбат: 89830909 утсаар өгөхийг хүсье.



Холбоотой мэдээ