Хүүхдийн урлагийн их наадмын төвийн бүсийн шалгаруулалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-05-16 14:59:08

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Залуучууд театрын их танхимд төвийн бүсийн хүүхдүүд авьяас билгээрээ өрсөлдөж байна. Төв, Сэлэнгэ, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн нийт 300 орчим хүүхэд чуулсан наадмыг 14 төрлөөр явуулж, аймаг тус бүр 50 минутад багтаан урлагийн тоглолтоо үзүүлэх ажээ. Аймаг бүрээс шалгарсан хүүхдүүд бүсийн наадамд, улсын хэмжээнд аймаг бүсээ төлөөлөн оролцох аж.

Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлал, урлаг соёлоор дамжуулан эерэгээр нөлөөлөх бодлого хэрэгжүүлэх, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүүхэд бүрийг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлж, хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилтыг үндэслэн “Монголын хүүхдүүд” хүүхдийн урлагийн их наадмыг бүсчилсэн байдлаар явуулж байна. 
Монгол үндэстний урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх, өвлүүлэх, сурталчлах, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, харилцан суралцах, хамтран уран бүтээл туурвих, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой явуулж байгаа тус наадмын 3 дугаар шатнаас шалгарсан авьяаслаг хүүхдүүд Үндэсний их баяр наадмыг эхлүүлэх нэр хүндтэй үүргийг хүлээх ажээ.

 

Холбоотой мэдээ