Завханы Идэр суманд герман технологиор бяслаг үйлдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-05-16 17:21:43

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Идэр суманд ADRA олон улсын байгууллагын дэмжлэгээр бяслагны үйлдвэрийг зургаадугаар сар гэхэд барьж ашиглалтад өгнө.

Завханы ЗДТГ-аас ADRA олон улсын байгууллагатай 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр уулзалт зохион байгуулж, сарлагийн сүүгээр герман технологиор бяслаг үйлдвэрлэх тухай санал солилцжээ. Түүнээс хойш ADRA олон улсын байгууллага хөрөнгө оруулагчдыг татах, төсөл хөтөлбөрөө танилцуулах ажлуудыг амжилттай хэрэгжүүлсний дүнд бяслагны үйлдвэр байгуулах хөрөнгийн асуудал шийдэгдээд байна. 

Өнгөрсөн гуравдугаар сард ADRA олон улсын байгууллагын ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж, орон нутгийн зүгээс хамаарах асуудлууд, холбогдох шийдлүүдийн талаар санал солилцож үйлдвэрийг Идэр суманд байгуулахаар болжээ. Бяслагны үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг энэ оны тавдугаар сард хийж, зургаадугаар сараас малчдаас сүүгээ авч эхлэх юм. Ингэснээр Завхан аймагт анхны бяслагны үйлдвэрийг байгуулна. Тус үйлдвэр нь зуны саруудад 15-20 тонн бяслаг үйлдвэрлэж дотоодын болон гадаадын зах зээлд экспортолно. Хөдөөгийн иргэдийн амьжиргаа дээшлэхээс гадна 10 гаруй ажлын байрыг шинээр бий болгох нөхцөл бүрдээд байна. Цаашид орон нутагт үйлдвэрлэсэн бяслагийг гадаад зах зээлд гаргах, түүний дагалдах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох, сургалтууд хийх зэрэг цогц үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа тухайгаа аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Завханы сум бүрд энэ жил хоёроос гурван жижиг үйлдвэр нээнэ

Завхан аймаг “Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих” зорилтыг дэвшүүлж олон улсын байгууллагууд, төсөл хөтөлбөр, нутгийн зөвлөлүүдэд сум бүрд жижиг үйлдвэр байгуулах тодорхой санал тавьж хамтран ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд үйлдвэрлэлийн үндсэн таван үе шатыг туулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Нэгдүгээр үе шат буюу нэн түрүүнд өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор 2016 оноос оёдол, эсгүүрийн сургалт, 2017 оноос эсгий, эсгий эдлэлийн сургалт, 2018 онд ахисан түвшний сургалтуудыг сум бүрд зохион байгуулснаар 4000 гаруй иргэн өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна. Үүний үр дүнд өнгөрсөн онд Завхан аймгийн аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хэмжээ өмнөх оноос 2.3 дахин, боловсруулах салбарын үйлдвэрлэл 3.2 дахин өссөн статистик үзүүлэлт гарчээ.

Үйлдвэрлэлийн хоёр дахь үе шат бол сумын түвшний жижиг үйлдвэр, цехийг байгуулах явдал юм. Тиймээс бүс нутгийнхаа онцлог, нөөц боломж, давуу тал, эрэлт хэрэгцээнд тулгуурлан жижиг, дунд үйлдвэрлэлийг байгуулж, шинэ ажлын байр бий болгох замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ онд сум бүрд жижиг үйлдвэр байгуулахаар төлөвлөж, аймгийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлдээ 360 сая төгрөгийг төсөвлөөд байна. Төлөвлөгөөний хүрээнд сумын удирдлагууд, бизнесийн салбарынхныг БНХАУ-ын ӨМӨЗО-д туршлага судлах аялалд хамруулсан. Аяллын үеэр урд хөршийн жижиг дунд үйлдвэрлэл хэрхэн хөгжиж буйг бодитоор харж, туршлага судалснаас гадна бизнес уулзалтуудад оролцож, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдтэй танилцлаа.

Танилцах аяллын дараа хөрөнгө оруулалтын чуулганыг хийж үйлдвэрлэлийн тэргүүлэх салбар нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал, модон эдлэл, жимс, жимсгэнэ, барилгын материалын үйлдвэрлэл хэмээн тодорхойлж боломжит төслүүдийг танилцуулсан юм.

Хөрөнгө оруулалтын чуулганы үр дүнд сум бүрд бүс нутгийнх нь онцлогт тохирсон 2-5 жижиг үйлдвэр, цех байгуулахаар шийдвэрлэж, нийт 86 төслийг 30 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ. Тухайлбал, ADRA олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Идэр суманд герман технологиор бага оврын “Бяслагны үйлдвэр” байгуулахаар боллоо. Мөн Ургамал сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ-ын дэмжлэгээр махны жижиг цех байгуулахаар боллоо. Өөрийн гэсэн зоорьтой тус цех мах хөрөөдөх, жижиглэх, чанах боловсруулах, савлах пакетлах үйлдвэрлэлийг явуулна. Ингэснээр улирал харгалзахгүйгээр малчдын малын махыг нөөцлөн хадгалж зориулалтын дагуу боловсруулж савлан, стандарт хангасан махыг худалдаанд гаргах нөхцөл бүрдэх юм.

Ургамал сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс мах хадгалах байрыг засаж бэлэн болгох, экспортлох болон зах зээлд нийлүүлэх ажлыг хариуцан ажиллах юм. Ийнхүү энэ жилийн хөрөнгө оруулагчдын чуулганы үр дүнд чухал хөрөнгө оруулалт, төслийг орон нутагтаа хэрэгжүүлснээр шинэ ажлын байр бий болох нөхцөл бүрдээд буй тухайгаа аймгийн ЗДТГ-аас нэмж дуулгав. 

Холбоотой мэдээ