Илүүдэл жинтэй хүмүүс хорт хавдраар өвчлөх магадлал өндөр байдгийг Австралийн эрдэмтэд баталжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-17 15:06:25

СИДНЕЙ. /ТАСС/. Илүүдэл жин ба хорт хавдраар өвчлөх эрсдэл нь хоорондоо холбоотой болохыг  Австралийн Брисбен хотын Бергхоферын Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэд баталжээ. Тэдний хийсэн судалгааны дүнг NewsHub цахим хуудсанд нийтэлсэн байна.  


“Таргалалтад өртөмхий байдал нь ходоод ба гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй холбоотой байдаг болохыг бид судалгааны явцад илрүүлсэн. Мэдээжийн хэрэг, амьдралын хэв маяг, хооллолт, биемахбодийн ачаалал хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг л дөө, гэхдээ илүүдэл жин гэдэг бол хорт хавдраар өвчлөхөд нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн нэг мөн. Жингээ багасгаснаар хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулах боломжтой” гэж судалгааг удирдсан хавдар судлаач Стюарт Макгрегор ярьж байна.    


Түүний хэлснээр, биеийн жингийн индексийг /БЖИ/ зохих хэмжээнд барьснаар хорт хавдар тусах магадлалыг 30 хувиар бууруулах боломжтой. Харин тарган хүмүүсийн хувьд, БЖИ дэх илүүдэл таван пункт бүр нь хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 10 хувиар нэмэгдүүлдэг ажээ.


“Илүүдэл жин нь хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг байж магадгүй гэж эмч нар өмнө нь таамаглаж байсныг бидний хийсэн судалгаа нотоллоо” гэж С.Макгрегор дүгнэн хэлсэн юм.  


БЖИ гэдэг нь хүний биеийн жин ба өндрийн хэмжээ нь хоорондоо хэр зохистой харьцаатай байгааг үнэлдэг хэмжүүр бөгөөд тухайн хүн туранхай, хэвийн жинтэй, илүүдэл жинтэй юү гэдгийг тодорхойлдог. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу, БЖИ-г “жингийн хэт дутагдал”-аас “хэт таргалалт” хүртэлх 7 үзүүлэлтээр тооцдог байна.   

Холбоотой мэдээ