“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-05-17 15:41:13
Баянхонгор /МОНЦАМЭ/. “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн нээлт, уулзалт семинар Баянхонгор хотноо боллоо.
Төслийг Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран хэрэгжүүлэх юм байна. Тус төслийн зорилтот газар нутгийн аймаг, сумын ЗДТГ, бусад холбогдох төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд, олон нийтийн байгууллага долоон жилийн туршид хамтран ажиллана.
Төсөл Баянхонгор аймгийн Баянцагаан, Баацагаан, Баян-Өндөр, Шинэжинст суманд 2019-2025 онд хэрэгжих юм байна. Тус төсөл бэлчээр, ойн доройтлыг бууруулах замаар говийн эко системийн үйлчилгээг сайжруулан тогтвортой амьжиргааг дэмжиж, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилготой аж.
Төслийн хэрэгжилтийн үр дүнд төслийн газар нутгийн дөрвөн аймгийн 25.613 хүн төслийн үйл ажиллагаанаас шууд ашиг хүртэн, Ногоон хөгжлийг дэмжих хууль эрх зүй, санхүүгийн механизмыг бэхжүүлж, хамгийн багадаа найман сум биологийн олон янз байдлыг хамгаалах болон экосистемийн үйлчилгээг орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгах юм. Түүнчлэн улсын болон орон нутгийн хамгаалалттай газар нутгийн хэмжээг 0.9 сая га-гаар өргөтгөн, төслийн зорилтот газар нутагт 300 мянган га доройтсон бэлчээр, 20 мянган га тайгын ой, 25 мянган га заган ойг нөхөн сэргээх менежментийн сайн арга туршлагыг нэвтрүүлэх аж.
Үүний зэрэгцээ малчин өрхийн орлого дан ганц мал аж ахуйгаас бүрддэг хамаарлыг бууруулан малчдын амьжиргааны эх үүсвэрийг төрөлжүүлж, бизнесийг хөгжүүлэх замаар 150 ажлын байр бий болгох зорилт тавьжээ.
Холбоотой мэдээ