Сүхбаатар аймгийн таван суманд цасан шуурга шуурчээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-05-19 18:11:05

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Цаг агаарын аюулт үзэгдэл тус аймагт харьцангуй тайван өнгөрч байна. Өнөөдрийн 14 цагийн байдлаар тус аймгийн урд талын сумд буюу Наран, Онгон, Дарьганга, Баяндэлгэр, Эрдэнэцагаанд цасан шуурга шуурсан. Одоогоор Эрдэнэцагаан суманд шуурга үргэлжилж байгаа бол бусад суманд зогссон ч салхины хүч тогтворгүй байна гэж аймгийн Гамшгаас хамгаалах төв штабаас мэдээллээ. 

Цаг агаарын энэ үзэгдлийн анхны аюулын мэдээ 19-ний өглөөний 03 цаг 30 минутад урд талын сумаас ирсэн. Үүнээс хойш уг үзэгдэл 6-8 цаг үргэлжилсэн.

Баруун-Урт, Мөнххаан, Түмэнцогт, Асгат суманд цас ороогүй, бусад сумаар 0-2см цас орсон. Дээрх цасан шуурга шуурсан сумдын цасны зузаан дунджаар 12 см байна. Мөн салхины хурд тогтворгүй, 12-14м/с байна. Хээлтэгч болон төл мал зутруу байгаа энэ цаг үед 12 см цас хүнд байдал үүсгэх эрсдэлтэй. Гэхдээ салхины хурд буурч, тогтворжвол гайгүй өнгөрч магадгүй. Ер нь энэ цаг агаарын аюулт үзэгдлийн талаар анх тооцоо хийж байхад уг үзэгдэл 24 цаг үргэлжлэхээр ажиглагдаж байсан боловч харьцангуй тайван өнгөрлөө. Цаашид, өнөө шөнө -2 градус хүрч хүйтрээд, маргаашнаас эхлэн нийт нутгаар 18-20 градус хүрч дулаарна. Зарим тохиолдолд 24-28 градус хүртэл дулаарах төлөвтэй байна гэлээ.

Холбоотой мэдээ