МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-20 15:24:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, Татварын багц хуулинд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй гэж шийдвэрлэжээ. Мөн Оюутолгойн гэрээнд хийсэн шалгалтын дүнг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэхдээ, “Дээрх хоёр асуудлыг Сангийн сайдыг байлцуулж хэлэлцсэн. Ингээд бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Мөн Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын багийн дүгнэлтийг сонсож, хэлэлцсэн. Тус ажлын багийг сайн ажилласан, шалгалтын дүнг УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ” гэв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “УИХ-ын чуулганы энэ оны  гуравдугаар сарын 22-ны ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж баталсан Татварын багц хууль нь эдийн засаг, иргэдийн амьжиргааг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын хэмжээг бууруулах, үндэстэн дамнасан корпорациуд татвараас зайлсхийж, зугатах боломжийг хязгаарласан. Татварын хуулийн хийдлийг арилгах, олон улсын жишгийг нэвтрүүлэх зорилгоор энэхүү хууль батлагдсан. Ерөнхийлөгчийн ирүүлсэн зургаан саналыг хуулинд тусгасан” гэв. Тэрээр, энэхүү хууль нь Ерөнхийлөгчийн хориг тавьсан үндэслэлтэй нийцэхгүй байгааг дурдсан юм.


УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Оюутолгойн ажлын багийг миний бие ахалсан. Ноднин зургаадугаар сарын 25-нд шалгалтын эхний дүн гарсан. Энэхүү дүнг нягталж, наймдугаар сард ажлын багийн гишүүдэд тарасан. Ажлын багийн гишүүдийн ажиллах боломжийг хангаж, сарын хугацаанд танилцах хугацаа өгсөн. Ингээд есдүгээр сараас хойш ажлын баг ажиллаж, 11 дүгээр сарын 19-нд эцсийн дүгнэлтээ гаргасан. Ингээд эцсийн дүгнэлтийг 11 дүгээр сарын 30-нд ЭЗБХ-ны даргад хүлээлгэн өгч, хуралдаанаар хэлэлцэх хүсэлт гаргасан ч 12 дугаар сард чуулган хуралдахгүй байсаар хойшилсон. Ингээд ажлын багийн дүгнэлтийг УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн даргад энэ оны хоёрдугаар сард хүлээлгэн өгсөн. Ажлын багийн дүгнэлт гарснаас хойш 6,7 сар болж байна. Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад дээрх асуудал ороогүй байсан. Тиймээс МАН-ын бүлгийн даргад хүсэлт тавьснаар, өнөөдөр хэлэлцэж, чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарлаа” гэв. 


Мөн үеэр, өнгөрсөн долоо хоногт МАН-ын хяналтын хорооноос хариуцлага хүлээлгэсэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарыг тус бүлгийн гишүүд буруугүй хэмээн үзэж байгааг мэдэгдэв. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ, "УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын хувьд Оюутолгойн гэрээг шалгасан ажлын багийн дүгнэлтийг Оюутолгой компанид өгсөн гэх үндэслэлээр буруутгагдсан. Хуулиараа, энэхүү материал нь нууцлалын зэрэгт ороогүй тул шалгалтын дүнг өгөх нь нээлттэй. Тиймээс энэ хүний буруу байхгүй байгаа юм. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд, хөөн хэлэлцэх хугацааг хуулинд оруулсан гэх асуудлаар буруутгагдсан. Энэ асуудлаар МАН-ын бүлэг дараах мэдэгдлийг гаргасан” гээд мэдэгдлийг уншиж танилцуулав. 


Мэдэгдэлд, “Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гарч буй санал шүүмжийн дагуу УИХ дахь МАН-ын бүлэгээс уг асуудлыг нягталж үзээд дараах тайлбарыг гаргаж байна. Энэ асуудал хоёр өөр хуулийн төсөлд орсон саналыг хольж, нийтэд мэдээлснээс үүдсэн байна гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийг 2 дахь хэсэгт оруулсан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой саналыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гаргаагүй нь хуралдааны тэмдэглэл, материалаас тодорхой болсон. Хууль зүйн байнгын хорооны 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны мягмар гарагийн хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд төслийн 31.13 дахь зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулах санал гаргасан байна. Харин 2017 оны тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ажлын багийн гаргасан саналын дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно, яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан тохиолдолд, хөөн хэлэлцэх хугацааг оргон зайлсан хугацаанаас тоолохыг зогсоож, уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно гэсэн өөрчлөлт оруулсан байна. Энэ өдөр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нь гэр бүлийн хүний эрүүл мэндийн шалтгаанаар, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй нь ирцийн бүртгэл, чуулганы хуралдааны тэмдэглэлээс тодорхой байна. Иймд дээрх саналыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гаргасан мэтээр олон нийтэд ташаа мэдээлэл тарааж байгааг МАН-ын бүлгээс залруулах нь зүйтэй хэмээн үзэж байна” гэжээ.

Холбоотой мэдээ