С.Дэмбэрэл: Хувийн хэвшлийн оролцоог түлхүү хангаснаар экспортыг төрөлжүүлнэ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-05-21 17:40:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-нд өнөөдөр болж буй “Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчин ба сорилт” хэлэлцүүлэг үдээс хойш оролцогч эдийн засагчид, мэргэжилтнүүдийн санал бодлоор үргэлжлэв.

Хэлэлцүүлгийг зохион байгуулагч Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ, Манай улсын экспортын бүтээгдэхүүний 80 гаруй хувийг уул уурхайн салбар эзэлж байгаа нь эрсдэл дагуулдаг. Учир уул уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд байнга тогтвортой байдаггүй, эдийн засгийн мөчлөгөө дагаад өсөж, буурдаг. Тиймээс гадаад худалдаагаа зөвхөн нэг салбарын бүтээгдэхүүн давамгайлсан бус солонгоруулах нь чухал. Өнгөрсөн жилүүдэд бид Монгол брэндийг бий болгох талаар их ярьсан Брэнд бий болгоход хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаарддаг учир заавал тусгай брэнд гаргалгүйгээр ЖДҮ-ийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахыг дэмжих нь чухал байна гэв.

 

Харин Сангийн сайд асан, Сангийн яамны хяналтын зөвлөлийн дарга, эдийн засагч Д.Даваасамбуу, "Манай улсын хөгжил гадаад худалдааны салбараас шууд хамааралтай. 1000 тонн ноолуураар цамц үйлдвэрлэхэд монголын иргэн бүр өмсөөд байхгүй тул ихэнхийг нь гадаад зах зээлд гаргах шаардлагатай. Мал аж ахуйд түшиглэсэн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж байж олон мянган хүнийг ажилтай болгоно. Манай улсад уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж дууссаны дараагаар шинжлэх ухаан, мэдлэгт түшиглэсэн эдийн засаг ирнэ. Монголын мэдлэгт түшиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг Япон, АНУ, Хятадад зардаг болох хэрэгтэй байна” гэсэн юм.

 

Монголбанкны дэргэдэх Зах зээл судлал, сургалтын хүрээлэнгийн захирал, эдийн засагч С.Дэмбэрэл хэлэхдээ, “Гадаад худалдаанд хувийн хэвшлийнхнийг түлхүү хамруулж оролцуулах хэрэгтэй байна. Ингэхдээ экспортлож байгаа болон экспортлох боломжтой бүтээгдэхүүнүүдийг сонгон бүтээгдэхүүний бүлгүүд дээр үнэ тохирсон экспортын санхүүжилтийн тогтолцоотой болох ёстой. Ингэснээр олон жил ярьж ирсэн Монгол Улсын экспортын салаалт буюу уул уурхайн салбараас хамаарахгүйгээр төрөлжүүлэх талаар ярина. Хуучин хандлагаар буюу Засгийн газар хөтөлбөр батлаад үлдээдэг байдлаар хол явахгүй. Цаашдаа уул уурхайн бус экспортлогчдын холбоо гэх мэт мэргэжлийн, салбарын холбоодоос саналыг нь аваад бүтээгдэхүүнийг нь сонгож тодорхой зах зээлд гаргаж эхэлье. Тэр нь амжилттай болвол санхүүжүүлж байх тодорхой алхамыг хиймээр байна. Мөн манай улс гадаадын хөрөнгө оруулалтын орчноо байн байна өөрчлөөд байж болохгүй. Аль болох тогтвортой байх ёстой. Бид эхлээд хөрөнгө оруулалтын орчноо гадаадынхнаар үнэлүүлж, түүндээ тулгуурлан шинэчилж, цаашдаа тогтвортой байлгах хэрэгтэй. Дээр нь хөрөнгө оруулах сэдлийг өдөөн урамшуулж, Монгол Улсын өмнө тавьж буй зорилгыг, тэр дундаа эдийн засгийн болон экспортыг төрөлжүүлэх орчинг бий болгох хэрэгтэй байна” гэсэн юм.

 

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ