7б ангийнхан босоо монгол бичгээ дээдэлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-05-21 23:12:10

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн Ж.Дулам багштай 7б ангийн хамт олон  “Хүмүүн бичиг” сониноо 2 жил дараалан тогтмол захиалан уншиж байна.

Анги удирдсан багш Ж.Дулам нь 2015 онд МУИС-ийг Монгол хэл-эх бичиг судлаачаар, 2016 онд МУБИС-ийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр дүүргэжээ.

Сургуулиа төгсөөд тус сургуульд Монгол хэл, бичиг, уран зохиолын багшаар ажиллаж байгаа аж.

Түүний удирдсан 7б ангид сургуульдаа урлаг, спорт, сурлагаараа манлайлдаг тэргүүний сурагч олон байдаг гэнэ.

7б ангийн хамт олон 2018 онд сургуулийн “Урлагийн үзлэг”-т тэргүүн байрт орсноос гадна “Цэвэр бичигтэн” хамт олноор шалгарч үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан байна.

Аймгийн хэмжээний “Яргуй-2019” наадамд У.Оюундарь хөгжмийн төрөлд 1-р байрт орсон бол “Цагаан сарнай-2019” тэмцээнээс хамтлаг бүжгийн төрөлд мөнгөн медалийн эзэд болжээ.

Тус ангийн Д.Оюунтөгс сургуулийнхаа “Онц сурлагатан”-аар тодорсон бол сурагч У.Оюундарь, З.Хишигдэлгэр, М.Очбадрах нар сургуулийн аварга шалгаруулах “Зуун буудалт даам”-ны тэмцээнд 1-р байрыг тус тус эзэлсэн байна.

Анги удирдсан багш Ж.Дулам залуу багш боловч мэргэжилдээ дур сонирхолтой байж шавь нараа босоо монгол бичгээ дээдлэн бахархах, сайхан бичиж, уншиж сурахад нь хувь нэмрээ оруулж буй тэргүүний багшийн нэг аж.

Монгол бичгийн сургалт судалгааны “Ертөнц“ төвөөс өнгөрсөн 4 дүгээр сарын сүүлээр “Авиан зүйч” Ж.Санжаагийн нэрэмжит Монгол бичгийн улсын XVI олимпиадыг зохион байгуулсан юм. Олимпиадад 21 аймаг 9 дүүргийн шилдэг 30 багш, 30 сурагч оролцжээ. 

Тус олимпиадад аймгаа төлөөлж оролцсон Хүмүүн цогцолбор дунд сургуулийн Монгол хэл, бичгийн багш Б.Отгонсүрэн 5 дугаар байрт орж, мэргэжлээрээ амжилт гаргажээ.

 

 

Холбоотой мэдээ