Ц.Болдбаатар: Сумынхаа эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлж, хөгжүүлэхэд анхаарч ажилладаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв /МОНЦАМЭ/. Өндөр ширээт сумын Засаг Дарга Цэдэн-Ишийн Болдбаатартай сум орон нутагтаа хийж хэрэгжүүлээд байгаа томоохон ажлуудын талаар нь мэдээлэл авч хэсэг хором хөөрөлдлөө.
Ц.Болдбаатар уламжлалт тулааны мастер, багш,
дасгалжуулагч мэргэжилтэй. Одоо тэрээр удирдлагын академид эдийн засаг,
бизнесийн удирдлагаар магистрийн зэрэг горилохоор суралцаж байна.
Тэрээр дэлхийн аваргын алтан медальтай. Төрийн ажил эрхлэхээсээ өмнө хотод тулааны клуб ажилуулж байжээ. Тус клуб нь 2000-аад гишүүнтэй томоохон байгууллага аж.
Өндөр ширээт сумандаа клубын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр барилгын
ажлаа эхлүүлсэн байна. Сум орон нутгаасаа тамирчид бэлтгэх зорилготой гэнэ. Ирэх намар гэхэд Өндөр ширээт суманд тулааны
урлагийн төрлөөр хичээллэх сонирхогч болоод дэлхийд нэрээ дуурсгах тамирчдыг
бэлтгэх клуб үүдээ нээх аж.
-Энэ том байгууллагыг орхиод сум
руу тэмүүлсний учир юу билээ?
-Манай сум Монгол орон зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш хаягдсан сумуудын
нэг гэж хэлж болно. Жилдээ ганц нэг буга агнуулж, орж ирдэг орлогыг эс тооцвол Өндөр
ширээт суманд ганц төлөгний орлого орж ирдэггүй тийм л сум байсан.
Харин тав зургаан байгууллагын лиценз оролцсон хоёр газрыг ухаж сэндийчээд
газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдчихсан байсан. Би өссөн нутаг усандаа
хайртай төдийгүй эх орон газар нутгаа их дээдэлдэг хүн. Тиймээс орон нутгийн
сонгуульд нэрээ дэвшүүлсэн юм.
-Сонгуулиар иргэдийнхээ итгэлийг
авч сонгогдоод хамгийн түрүүнд та юунаас ажлаа эхлэв?
-Хэдийнэ 3 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд багагүй ажлуудыг амжуулсан гэж
дүгнэж байгаа.
Төрийн өмнөөс ажиллана гэдэг нэр төрийн хэрэг гэж би боддог. Төр цэвэр
тунгалаг байх ёстой юм. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа мэргэжлийн боловсон
хүчин ажлаа мэддэг байх хэрэгтэй. Төрийн өмнөөс ажиллаж байгаа тул ажлын 8 цаг
иргэдэд үйлчлэх ёстой.
Гэтэл намайг ажил авахад иргэд нь төрийн хүмүүсийг гэрт нь хүргэж өгдөг, иргэн
өөрийн унаатай очиж гэрээс нь авч, төрийн үйлчилгээ авдаг гаж тогтолцоо үүссэн
байсан.
Одоо ямар ч байсан бид төрийн үйлчилгээг ажлын 8 цагт үзүүлдэг болсон.
Өглөө ажилдаа цагтаа цуглардаг болж хэвшсэн.
-Таниас заавал тодруулах нэг
асуулт байна?
Үүлээ хөөсөн тэнгэр нэг цэмцгэр
Үнсээ гаргасан тулга нэг цэмцгэр
Үсээ самнасан эхнэр нэг цэмцгэр гэсэн сайхан үг байдаг.
Үүн лугаа таныг нутагтаа ирээд сумаа хогноос нь салгасан гэж сонссон.
Тийм ээ. Манай сум үнэндээ хогондоо дарагдсан
байсан. Баруун, зүүн, хойд, урдгүй хогоор хүрээлэгдсэн байсан. Эхлээд манай иргэд
хогоо цэвэрлэхэд их хойрго байсан. Би өөрөө хамт гарч цэвэрлэдэг байлаа. Одоо
надаар хэлүүлэхгүй сар, улирал бүр өөрсдөө хогоо цэвэрлэж дадсан шүү. Хог хаях
нэгдсэн газар талбайтай болгосон доо.
Өөр нэг дутагдал доголдол бол ажил эрхэлдэг хүн суманд ховор болохоор
архидалт их байсан. Бүтэн сар сумандаа архи зарахыг хориглож байлаа. Айлын эхнэр
хүүхэд тэр сар надад их баяр талархалтай хандсан. (инээв) Зорилгогүй уух явдал харьцангуй буурсан гэж болно.
-Танай сумын газар нутгийн
онцлог юу вэ?
-Харьцангуй цөөн хүн амтай. 2100 орчим хүн амтай, 500 гаруй
өрхтэй, 240 мянган малтай. Газар тариалан, мал аж ахуй аль алийг нь хослуулан
хөгжүүлэх боломжтой.
Манай суманд байсан өөр нэг зөрчил бол хүн амын бичиг баримтын асуудал байсан.
Суманд 10 жил багшилсан хүн өөр газрын харъяалалтай байх жишээтэй. Энэ зөрчлийг
бүрэн арилгасан.
-Нутгийнхаа газар тариалангийн
аж ахуй эрхлэлтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Иргэдээ эрүүл хүнсний ногоогоор хангана гэдэг маш чухал үр дагавартай юм.
3000 га газар манай иргэд тариалан эрхэлж
байна. Ойрын хугацаанд 5000 га болгох зорилттой байгаа. Газрын хуулийн дагуу
2000 га газар нь хуулийн дагуу ашиглагдаж байгаа юм. Хуулийн албан ёсны
зөвшөөрөлгүй газраа ашиглаж тариалан эрхэлж байгаа ч гэсэн иргэдийнхээ эрүүл мэнд, ашиг орлогыг
бодоод газраа ашиглаж л байна даа.
Одоо энэ газарт 70 орчим хүнсний ногоо, 200 орчим ногоон өвс тариад байна.
Анх сумын хэмжээнд 300 орчим боодол өвстэй байсан бол одоо 1300 орчим болж
өссөн.
-Та тус сумын Засаг даргаар
ажиллаад аж ахуйн ажлыг түлхүү анхаарч ажиллаж байна гэж ойлгож болох уу?
-Улс орон, айл өрхийн оршин тогтнож, хөгжих нь аж ахуйтай нягт холбоотой.
Тиймээс би сум орон нутгийн иргэдээ ажилтай орлоготой болгох тал дээр цаашид ч
анхаарч ажиллахаар олон ажлыг төлөвлөөд явж байна.
Бид арьс ширний үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Одоо 2000 нэхий боловсруулж
байна. Хонины ноосоор олон төрлийн бүтээгдэхүүн хийж, зах зээлд нийлүүлэх боломж
байгаа. Эхний ээлжинд бид хонины ноосоор хавар, намрын пальто хийхээр туршиж
байна. Цаашдаа хонины ноосоор байшин барилгын дулаалгын материал хийх санаа
өвөрлөөд явж байна. Аль болох шинэ санаа, шинэлэг ажил хийхийг зорьж ажиллахыг
эрмэлздэг.
Үйлдвэр, газар тариаланг дагаад ажлын байр бий болж байгаа тул нутгийн
иргэдээ ажилтай орлоготой болгох зам нээгдэж байгаа нь сайхан байдаг.
-Танай сумын сургуульд хэчнээн
хүүхэд багачууд суралцаж байна, сурах боловсрох орчин хэр бүрдсэн гэж та үзэж
байгаа вэ?
-Одоогоор манай сургуульд 170 орчим хүүхэд суралцаж байна. Засаг даргын
дэргэд хүүхдийн зөвлөл ажилладаг. Манайх 1,3 тэрбум төгрөгийн өртгөөр босох
сургуулийн шинэ байр барьж эхэлсэн. 100 ортой хүүхдийн дотуур байртай. Сурах
орчин харьцангуй таатай бүрдэж байгаа гэж болно.
-Ойрын хугацаанд сум орон
нутгийн хэмжээнд цаг үеийн ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна?
-5 дугаар сард малчин эмэгтэйчүүд болон бизнесмэн эмэгтэйчүүдийн уулзалт
зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Зөвлөгөөний зорилго малын
түүхий эдээр ямар бүтээгдэхүүн хийж зах зээлд борлуулж болох вэ? гэдгийг аж
ахуйн тооцоо хийж, малчин өрхийн эмэгтэйчүүдийг аж ахуйч, эдийн засгийн
тооцоотой болгох, орлого ашгаа хэрхэн нэмэгдүүлж болох арга барилд биечлэн
сургахад чиглэх юм.
Би 1000 малтай малчин айл хар цай аягалж өгвөл уудаггүй. Эд байгаад ашгийг
хүртэхгүй бол ямар хэрэг байна. Үүнийг л эмэгтэйчүүддээ ухааруулан, уулзалт
зөвлөгөөнөөр зааж сургах нь гол зорилго байх болно.
Таны орон нутагтаа хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил бүхэн тань дэлгэр
дүүрэн бүтэхийн ерөөл өргөе!
Таны ажилд амжилт хүсье! Ярилцсан танд баярлалаа.






