Сургуулийн сурагчид “Зөв тусгал” зөв хандлагыг түгээж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын
"Мандал" сургуулийн өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн сурагчид "Зөв
тусгал" хөдөлгөөнд нэгдэж, найз нөхөддөө зориулан зурагт хуудас гарган олон нийтэд түгээлээ.
Тус сургуулийн сурагчид ээжийгээ хайрлан
энэрэх, эмэгтэйчүүд, охидуудаа гомдоохгүй байх, тэднийг хүндлэх гээд маш олон
эерэг, зөв үгнүүдийг бичиж, зурагт хуудас гаргасан нь үе тэнгийнхээ найзуудад
зөв нөлөөлөл болж байна.
Өнөөдөр нийгэмд сэтгэл эмзэглүүлсэн,
харамсал төрүүлсэн гэмт хэрэг, үйл явдлууд ар араасаа цувран гарч, хэвлэл
мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр тархаж байна. Нийгмийн энэ зүй бус
үйлдэлтэй төр дангаараа тэмцээд хүчрэхгүй, үүнд олон нийтийн оролцоо чухал юм
гэдгийг сүүлийн үед ойлгож, хамтран ажиллах үйл явц өрнөж байгаа нь сайшаалтай
юм.
Тиймээс Монгол Улсад Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын
хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран
тавдугаар сарын 1-ний өдрөөс “Зөв тусгал” хөдөлгөөнийг нэг сарын хугацаатай
зохион байгуулж байна.
Энэхүү хөдөлгөөний зорилго нь эцэг,
эхчүүдэд “хүүхэд бол томчуудын тусгал”, тиймээс хүүхдүүдээ зөв үлгэрлэн,
хүмүүжүүлэхэд чиглэгдэж байгаа ажээ.

