Дөрвөлжин сумын Эрүүл мэндийн төв шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагджээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-05-23 16:12:16

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Дөрвөлжин сумын Эрүүл мэндийн төвийнхөн төсөл бичиж 17 сая 500 орчим мянган төгрөгийн эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдан авчээ.

Өнөөдөр дэлхий дахинд лабораторийн тусламжийн нэр төрөл нэмэгдэн, шинжилгээний чанар сайжирч нотолгоонд суурилсан анагаах ухаан оношилгоо шинжилгээнд суурилсан эмчилгээний үр дүнг хэдийнэ нэвтрүүлээд байна. Тиймээс хөдөө орон нутгийн эрүүл мэндийн төвүүд ч гэсэн өвчнийг оношлох, эмчлэх одоо байгаа технологийг баяжуулах, шинэчлэх шаардлага бидэнд нэн тэргүүнд хэрэгтэй байсан. Бид хөдөөгийн иргэдэд технилогид суурилсан эмчилгээ үйлчилгээг чанартай үзүүлэх шинэ алхам нээхийн тулд Эрүүл мэндийн төвөөс төсөл бичиж ТББ-д хүргүүлсэн юм. Ингээд төслөө "Хомын талын тахь" ТББ-д уламжилж танилцуулснаар Австралийн ЭСЯ-наас зарласан бичил төслийн хөтөлбөрийн 2018-2019 оны сонгон шалгаруулалтад оролцсон. Нийт 197 байгууллагын төсөл танилцуулагдсанаар найман байгууллагын төсөл шалгарч хэрэгжүүлэх болсны нэг нь манай төсөл юм. Бид төслийн хүрээнд цус, шээсний суурь шинжилгээ хийх аппарат, дутуу нярай хүүхдийг бойжуулах инкубатортай болсон. Төслийн шугамаар шаардлагатай байсан тоног төхөөрөмжтэй болсноор 2200 гаруй иргэн сумандаа суурь шинжилгээ өгөх боломжтой боллоо. Мөн дутуу төрөлтөөс үүдэлтэй нярайн эндэгдлийг бууруулах нөхцөл ч бүрдлээ. Төсөл хэрэгжиж эхэлснээр лабораторийн багаж тоног төхөөрөмж нийлүүлдэг "Нуган" ХХК-тай хамтран ажиллаж, шаардлагатай багаж тоног төхөөрөмжөө хүлээн аваад байгаа. Бидний хэрэгжүүлэх төсөл нь нийт 17 сая 500 орчим мянган төгрөгийн тэтгэлэгтэй. Үүнээс 2018 онд 50 хувийн тэтгэлгээ авч цус, шээсний хагас автомат анализатортай болсон. Өнөөдөр сумын иргэд маань 150 гаруй км газар явж заавал аймгийн төв явж шинжилгээ өгдөг байсан бол сумынхаа Эрүүл мэндийн төв дээр өдөр бүр шаардлагатай шинжилгээгээ өгч, эмчилгээ үйлчилгээгээ авдаг болсон байна. Эмчилгээний үр дүн ч сайжирч байгаа хэмээн Дөрвөлжин сумын Эрүүл мэндийн төвөөс тус тус мэдээлэв.

Дашрамд дуулгахад, төслийн хүрээнд 2019 онд тэтгэлгийнхээ 50 хувийн санхүүжилтээр энэ сард нярайн инкубатор авч ашиглаж байгаа аж. Өнөөдөр сумандаа төрсөн дутуу нярайг бойжуулах, хянах бүрэн боломжтой болжээ. Мөн тус сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон, сумын иргэдээс алслагдсан сумын хөдөөгийн иргэдийн эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулсан "Хомын талын тахь" ТББ болон Австралийн ЭСЯ-нд талархал илэрхийлж буйгаа сурвалжилгын үеэр дуулгалаа. 

Холбоотой мэдээ