ЗАВХАН: Гурав хавж шүүгдсэн ус рашаан болдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-04 16:04:29

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших “Жаахан” хэмээх нэртэй нүдэн нуур нь таван нуур, голыг тэжээдэг.


Жижигхэн ч гэлээ зүйл бүрийн шувууд хуран чуулдаг тус нүдэн нуур нь ходоодны рашаан ундран гардаг байгаль дэлхий, хүн малын ундаа болсон нуур юм.


Энэхүү жижиг нуураас эх авч Тээлийн гол урссаар Бөмбөн элсийг нэвтлэн гарч, Улаагчны хар нуурын зүүн эхэнд ирээд элс рүү шингэн уусдаг.

Улаагчны хар нуур нь энэ жижигхэн нуураас тэжээл авч тэтгэгдэн өөрийн үзэсгэлэнт төрхөө бий болгодог. Хүн харахад урсаад ороод ирсэн гол байхгүй, гараад явсан юм байхгүй атлаа маш цэнгэг юм.
Улаагчны Хар нуур нь "Бага нуур" гээд бас нэг дагуул нууртай. Газрын хэвлийгээр хоорондоо холбогдсон хос хоёр нуур юм.
Нуурыг хооронд нь заагласан Бор хярын сүрлэг элсэн манханууд баруун тийш сунан тогтдог.


Хар нуурын урд амыг Бургаст хэмээх ба говь хангайг заагласан мэт нууртай газрын хэвлийгээр холбогдсон Бургастын гол ундран гарч ирдэг. Бургастын гол нь урссаар элсрүүгээ шингэн алга болдог. Бор хярын элсний өмнө жигүүрийн 450 метрийн өндөртэй элсэн манхнаас эх аван боргилж гарах үзэсгэлэнт Мухартын голыг мэдэхгүй хүн үгүй. Энэхүү Мухартын гол нь мөн л дээрх нүдэн нуураас тэжээгдэн урссаар ойролцоогоор 4.5 км урсаж байгаад хэсэг газар мөн л элсрүүгээ шингээд Шавартын гол хэмээх нэртэй гол болж урсдаг.


Шавартын гол нь 1 км хүрэхтэй үгүйтэй урсаад мөн элсэндээ шингэж алга болдог. Газар доогуураа хавж, улмаар Нарийн гол буюу Хүнгүйн голын эх болон гарч ирдэг. Эрдэнэхайрхан сумын баруун хойно байрлах Нарийн голын эх нь 200-300 м манханаас ундарч гарч ирэх бөгөөд Мухартын голын эхтэй их адилхан өвөрмөц тогтоцтой.
Хүнгүйн гол нь Завхан аймгийн Завханмандал, Ургамал, Увс аймгийн Завхан сумдын нутгийг дайран урсаж Айраг нуураар дамжуулан Хяргас нуурт хүрдэг.


Гурав хавж шүүгдсэн ус рашаан болдог гэлцдэг.


Ийнхүү Жаахан нуур, Тээлийн гол, Улаагчны хар нуур, Бургастын гол, Мухартын гол, Нарийн гол гээд бүгд доогуураа хүйн холбоогоор холбогдсон энэ өвөрмөц тогтоцын талаар нутгийнхан ярьдаг.


Бага нуур, Улаагчны хар нуур


Шавартын гол


Холбоотой мэдээ