Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтнууд зөвлөлдөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас “Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтнуудын анхдугаар зөвлөгөөн” зохион байгууллаа.
Ховд аймгийн Эрүүл мэндийн газар энэ онд “Инээмсэглэл, эерэг хандлага-Эх хүүхэд бидний ирээдүй” уриа дэвшүүлэн ажиллаж байна. Тиймээс орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, улмаар салбарын үйлчилгээний ажилтны хууль эрх зүйн мэдлэг, ур чадвар, харилцаа хандлагыг сайжруулах зорилгоор “Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтнуудын анхдугаар зөвлөгөөн” зохион байгуулсан юм.
Аймгийн эрүүл мэндийн салбарт төрийн 24, хувийн хэвшлийн 31, эм хангамжийн 45 байгууллага үйл ажиллагаа явуулж, нийт 1244 эмч мэргэжилтэн ажиллаж байна. Үүнээс эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтнууд 317 буюу нийт ажилтнуудын 25.4 хувийг эзэлж байна. Энэ удаагийн зөвлөгөөнд 16 сумын эрүүл мэндийн төв, Жаргалант сумын өрхийн эрүүл мэндийн төвүүд, БОЭТ, Зооноз өвчин судлалын төвийн 100 гаруй жолооч, тогооч, үйлчлэгч нар оролцож, эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад үйлчилгээний ажилтнуудын анхаарах зүйлс, үүрэг оролцооны талаар харилцан санал солилцлоо.
Энэ үеэр эрүүл мэндийн ажилтны ёс зүй, харилцаа хандлага, эмчилгээний хоол ба хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуй, давсны зохистой хэрэглээ, байгууллагын орчны эрүүл ахуй, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл, замын хөдөлгөөний дүрэм, осол гэмтлийн үеийн анхан шатны яаралтай тусламж, үхсэн мэрэгч амьтантай таарсан үед авах арга хэмжээ, түүнд холбогдох хууль эрх зүйн акт, дүрэм журам, стандартын талаар салбарын мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээний үр дүнг нэг талаас үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн байдал, нөгөө талаас үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлаас шалтгаалан дүгнэдэг.
Хоол хүнс, ялангуяа ариутгал цэвэрлэгээтэй холбоотой батлагдсан дүрэм журам, стандартууд олон байдаг ч үйлчилгээний ажилтнууд өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөн хэрэгжүүлэх асуудал төдийлөн сайнгүй байгаатай холбоотойгоор халдвар гарах эрсдэл байсаар байна. Тиймээс орон нутгийн эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтнуудыг чадваржуулах, тэдний өдөр тутмын үйл ажиллагаанд аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмыг мөрдөж хэвшүүлэх зорилтын хүрээнд энэ удаагийн зөвлөгөөнийг зохион байгуулснаараа онцлог юм.
Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний ажилтнуудын мэдлэг боловсрол, харилцаа хандлага дээшилснээр эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний чанар сайжирч, улмаар хүртээмж өргөжих давуу талтай гэж зохион байгуулагчид онцоллоо.
Мөн эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтнуудад зориулан “Эрүүл мэндийн байгууллагын хоол хүнс болон ариутгал цэвэрлэгээтэй холбоотой дүрэм журмын эмхэтгэл” номыг шинээр эмхэтгэн хэвлүүлж, энэ удаагийн зөвлөгөөнд оролцогчдод гардуулан өгөв.