Ерөнхийлөгч Х.Баттулга ОУПХ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-27 12:39:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/ болон Монгол Улсын Их Хурал хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байна


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг чуулганд оролцож буй ОУПХ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганд оролцохоор ирсэн төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд төлөөлөгчдийн хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн цохон тэмдэглэв.


Мөн ОУПХ-ны Ерөнхийлөгч хатагтай Габриэла Куэвас Баррон Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархаад, бүсийн хоёрдугаар чуулганыг Монгол Улсын Их Хурал зохион байгуулж байгаа нь Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын оруулж буй өндөр хувь нэмэр гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.


Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ардчилалд шилжсэн 1990 оноос хойш Монгол Улсын хөгжлийн замд сайн, муу зүйлс олон тохиолдсон ч ардчиллын баянбүрд хэвээр гэдгийг цохон тэмдэглээд ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Холбоотой мэдээ