Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-05-27 15:34:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын дөрвөн орноос Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.


Тодруулбал, Бүгд Найрамдах Португал улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жозе Аугусто Дуарте,Испанийн Хаант улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Рафаэл Дескаллар Де Масарредо, Швейцарын Холбооны улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бернардино Регаццони, Бүгд Найрамдах Хорват улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дарио Михелин нарыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд Бээжингээс хавсран суухдаа Монгол Улстай эдийн засаг, нийгэм, хүн ардынхаа нөхөрсөг харилцааг нэмэгдүүлэхийн тулд хичээл зүтгэл гарган ажиллахыг хүслээ. Мөн Элчин сайд нартай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийг бүрэн ашиглах талаар санал солилцов. Түүнчлэн дээрх салбаруудад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэлэн төслүүдийг танилцуулж, хамтран ажиллах асуудлаар холбогдох албан тушаалтнуудтай уулзуулж, төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ