Монголын залуу жүдочид Бразилийн шигшээгийн бөхчүүдтэй халз барилдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-29 12:38:23

2016 оны 3 дугаар сарын 27-нд Бразилийн Сан Пауло хотноо Монгол, Бразил улсын жүдочдын нөхөрсөг халз барилдаан зохион байгуулж манай баг ялагдсан байна.

Энэхүү халз барилдаанд бразилчууд 2012 оны Лондонгийн олимпийн 48 кг жингийн аваргын алтан медальт Сара Менезисээр ахлуулсан “Рио-2016” Олимпод оролцох шигшээ багаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцуулсан бол Монголын жүдо бөхийн холбоо өсөх ирээдүйтэй залуу тамирчдаа туршлага хуримтлуулахаар илгээсэн юм. Барилдаанд эмэгтэй гурав, эрэгтэй хоёр жингийн жүдочид халз барилдаж, бразилийн нэгдүгээр шигшээ баг ялжээ.

Монгол Улсаас Бразил Улсад суугаа Элчин сайдын яамнаас хоёр улсын спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд өнгөрсөн 2015 оны 10 дугаар сард Бразилд айлчилсан ЭМСЯ-ны төлөөлөгчид, Бразилийн жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч ноён Пауло Вандерлей Тейшера нарын уулзалтыг зохион байгуулсан юм.

Энэ үеэр талуудын “Рио-2016” зуны олимпийн тоглолтын өмнө бэлтгэл болгож хоёр улсын жүдо бөхийн шигшээ багуудын хамтарсан бэлтгэл, халз тэмцээнийг зохион байгуулахаар тохиролцсоны дагуу уг барилдаан болж хоёр орны жүдо бөхийн холбоодын хамтын ажиллагаагаа эхлүүлж байна. Тус тэмцээнийг Бразилийн үндэсний “Globo” телевиз орон даяар шууд дамжуулж үзүүлжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ