“Чадамжид суурилсан дээд боловсрол” эзэмшихэд суралцав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2016-03-29 12:38:57

Монгол-Германы хамтарсан Aшигт малтмал, технологийн их сургуулиас сэдэвчилсэн цуврал сургалт зохион байгуулж байна.

Тухайлбал, 2015 онд “Сургалтын чанарын баталгаажуулалт”, “Сургалтын үнэлгээ” гэсэн сэдвээр зохион байгуулсан бол энэ удаа МГТИС мөн  ГОУХАН /GIZ/ болон ГЭСА/DAAD/ -тай хамтран Улаанбаатар хотын Налайх дүүрэгт байрлах МГТИС-ийн  хотхондоо “Чадамжид суурилсан дээд боловсрол” сэдэвт уулзалт семинарыг зохион байгуулав.

Энэхүү сургалтад МУИС, ШУТИС, ХААИС, Хууль сахиулахын их сургууль, Дорнод их сургууль, Технологийн дээд сургууль болон Боловсролын хүрээлэн зэрэг дээд боловсролын мэргэжлийн байгууллагын нийт 40 орчим төлөөлөл хамарлаа. Сургалтыг ХБНГУ-ын Дармштадын их сургуулийн багш, профессор Манфред Ханпе удирдан явуулсан юм. Тэрбээр их сургуульд механик инженер, термодинамикийн чиглэлээр хичээл заадаг, чадамжид суурилсан боловсролыг олгох талаар арвин их туршлагатай германы толгой экспертүүдийн нэг юм. Энэ чиглэлээрээ МГТИС-ийн сургалтын хөтөлбөрийг боловсруулахад томоохон хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж байна.

Тус сургалт нь “ЧАДАМЖ” гэж юу болох, чадамжид суурилсан сургалтаа яаж зохион байгуулах, чадамжийг олж авахын тулд суралцагч хэрхэн суралцах, олж авсан чадамжийг яаж үнэлж дүгнэх вэ гэсэн сургалтын олон талт өнцгийг гаргаж ирэх зорилготой.

Монголын их, дээд сургуулиудын эрэлтэд тулгуурласан асуудлуудыг хөндөх, сургуулиуд хоорондоо туршлага солилцох, гаднаас ирж буй мэргэжилтнүүдээс шинэ мэдлэг мэдээлэл авах боломжийг хангах чиглэлээр цаашид цуврал сургалтыг үргэлжлэн явуулах юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ