Малчны хотонд намарт чоно, өвөлд ирвэс их эргэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Монгол Алтайн салбар уулсын дунд “Алтайн эзэн” гэх ирвэстэй айлсан амьдарч буй Зэрэг сумын малчидтай уулзаж ярилцлаа. Тэдгээр малчдын нэг бол Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн малчин Ч.Алтанхуяг юм. Тэрбээр Хүүш, Баатарын хавцал гэх газарт малаа малладаг.
Малчин Ч.Алтанхуяг хэлэхдээ, Малын торон хашаа өнгөрсөн хавар авсан. Мал хашаатай болсон ч тайвшрахгүй. Өдөр бэлчээрт малаа хариулж яваад ирвэсэнд идүүлдэг. Зун ачлагын тэмээ бөөгнөрөх, зургаадугаар сарын нүүдэл эхлэх үед торон хашаагаа татна.
Ирвэс шөнө чоно шиг хөөж авдаггүй. Малыг бэлчээрт гарсан үеэр түлхүү авдаг. Зун тарвага, туулай иддэг учир мал руу дайрдаггүй. Бид буудаж хөөж үргээдэггүй. Ан амьтныг оролддоггүй, камер тавьсан байгаа.
Малчид биднийг байгаль хавчиж байна. Бас зэрлэг ан амьтад буюу ирвэс, чоно дайрна. Манай сумынхан Эхэн баг, Баатархайрхан уулын өөд машин, мотоцикл, техникийн дуу гаргадаггүй. Багийн хурлаараа ч ярилцсан. Бусад сумаас ялгаатай нь бид тэмээгээр нүүдэл хийдэг. Уулын наана машинаар дөхөж буугаад цааш уул өөд тэмээгээр нүүж хүрдэг.
Намайг хүүхэд байх үед Баатарын нуруу гэх газарт хонь хариулж явах үед өвсөн дотор тарвага, туулай үзэгддэггүй их өвстэй байсан. Одоо тийм биш. Байгальтай зөв харьцвал малчид бидэнд өөрсдөд нь хэрэгтэй. Малчид отроор нүүж шинэ газар очиж, зуслан, хаваржаа, намаржаанд буух үед зэрлэг амьтдын идшээр мал өртөх нь элбэг байдаг учир сэрэмжтэй байх хэрэгтэй. Намар чоно, өвөл ирвэс хотонд эргэнэ. Өвөл ан амьтад ичсэн байдаг учраас ирвэс өлсгөлөн байдаг шиг байгаа юм. Малын тооны араас биш цөөн, чанартай, ашиг шимтэй малтай болъё гэж боддог хэмээн ярив.