Тамхи үйлдвэрлэгчдийн "муухай заль"

Хөндөх сэдэв
khandmaa@montsame.gov.mn
2019-05-31 12:16:13

Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Тамхийг хагас мянган жил таньсан хүн төрөлхтөнийг энэ хорт зуршлаас салгахгүйн тулд тамхи үйлдвэрлэгчид олон кампанит ажил, арга заль хэрэглэжээ. Ямар сайндаа, тамхины сурталчилгааг хүн төрөлхтөний хамгийн амжилттай маркетингаар нэрлэж байх вэ дээ.

Ер нь, тамхийг анхлан хэрэглэж байсан нь Америкийн индианчууд юм. Америкийг Христофер Колумб нээж, тус тивийн соёл иргэншилтэй танилцахдаа, Европт тамхийг анх дэлгэрүүлжээ. Тобакко нь индианы аравак хэлний тамхины ургамлын нэр, харин сигарет нь эртний маяачуудын тамхи татах гэсэн үг аж. Христофер Колумб тамхийг Европт зөөснөөс гадна, нэгэн аралд Тобаго гэсэн нэр өгсөн нь одоо Тринадад ба Тобаго улсын нэгэн хэсэг юм.

Тамхийг аж үйлдвэрт их хэмжээгээр үйлдвэрлэх нь 19-р зууны сүүлээр эхэлж, 1950–1960 онд оргил цэгтээ хүрсэн байна. Яг энэ үед сурталчилгаа гэдэг зүйл гарч, тамхи татдаг хүнийг ганган хээнцэр, мундаг эрийн төрхөөр харуулж ирсний балгаар одоо дэлхийд тэрбум гаруй хүн тамхи татаж байна. Тиймээс тамхины сурталчилгааг хүн төрөлхтөний хамгийн амжилттай маркетингаар нэрлэдэг. Тухайлбал, АНУ-д 1952 онд “Readers digest” сэтгүүлд тамхи хорт хавдар үүсгэдэг тухай хэд хэдэн өгүүлэл нийтэлсний дараа олон хүн тамхинаас татгалзаж тамхины борлуулалт эрс буурчээ. Тиймээс тамхи үйлдвэрлэгч компаниуд тамхийг шүүртэй болгосон. Энэ нь сурталчилгааны заль гэдгийг тухайн үед хэн ч ойлгоогүй. Гэтэл шүүр нь тамхины хорыг их хэмжээтэй бууруулдаггүй, харин ч аюулгүй гэдэг буруу ойлголт төрүүлж тамхидалтыг  хөөрөгддөг байна.

Дараа нь, 1980-аад оноос, "зөөлөн", "супер зөөлөн", "никотины агууламж багатай" гэх мэтээр ангилсан тамхи үйлдвэрлэж эхэлжээ.  Гэвч, үнэндээ бол эдгээр тамхинд агуулагдах хорын хэмжээ энгийнхээс онцын ялгаа байдаггүй аж.  Бас л зөөлөн, хор багатай тамхи татаж байна гэж сэтгэл уужраан, тамхины хэрэглээг улам өөгшүүлдэг байна. Электрон тамхи, утаагүй тамхи, зөвхөн эмэгтэйчүүдэд гэж хаягласан тамхи нь мөн л заль гэнэ.

Тамхи үйлдвэрлэгчид сургуулиудаар явж, янз бүрийн төсөл хэрэгжүүлдэг бөгөөд тэгэхдээ “18 нас хүрээгүй хүүхдэд бид тамхи зардаггүй”, “Та нар өсвөр насныхан учир тамхи татаж болохгүй” хэмээн ярьж таниулдаг байна. Их л шударга ариун сонсогдож буй энэ ухуулгад бас л далд сурталчилгаа нуугдаж байдаг аж. Том хүн болсны, эрх чөлөөт амьдралд орсны шинж нь тамхи юм байна гэж хэлсэнтэй агаар нэг дуулддаг байна. Түүнчлэн тамхи татахаар турдаг, тайвшруулдаг, тамхиа хаявал таргална  гэх мэт яриа хөөрөө нь үнэндээ далан худал бөгөөд бас л тамхи үйлдвэрлэгч, борлуулагч нарын далдуур хөөрөгддөг мэх байх талтай аж.

Тамхины томоохон компанийн дэд ерөнхийлөгч байгаад халагдсан Жефри Вийганд 1990-ээд онд тамхи үйлдвэрлэгчдийн “гутамшигт нууц”-ыг задалж, ихэд алдаршсан түүхтэй. Хүмүүсийг тамхинд донтуулахын тулд тамхи үйлдвэрлэгчид аммиакийн шинж чанарыг өргөн ашигладгийг тэрээр илчилсэн юм. Шээсний хүчлийг тамхинд нэвчүүлэх энэ аргыг 1950-иад оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд энэ бодисын үйлчлэлээр никотин цусанд маш хурдан шингэж тархи, төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлдөг байна. Түүнчлэн тамхи үйлдвэрлэгч компаниуд “14–24 насны залуучууд бол бидний бизнесийн зорилтот ирээдүй”, “Өсвөр насны хүүхэд бидний маргаашийн байнгын хэрэглэгч мөн” гэх мэтээр ирээдүйгээ тодорхойлсон байсан нь Жефри Вийгандын ачаар ил болж байжээ.

Монголын ихэнх тамхичид мөн ийм л насандаа тамхинд орсон байдаг. Сурагчдын дунд явуулсан судалгаагаар, 13-17 насны нийт сурагчдын 61,3 хувь нь 14 нас хүрэхээсээ өмнө тамхи татаж үзсэн байдгийг тогтоожээ. Тэдний талаас илүү хувь нь тамхины бүрэн хамааралтай болсон тухай ч сэтгэл эмзэглүүлэм тоо дурайж байна.

Тамхины хор холбогдлыг нь жагсаавал, үнэндээ “Бум Эрдэнэ” туульсаас урт болно. Учир нь, тамхины утаанд хулгана мэрэгч амьтдыг устгахад хэрэглэдэг арзен, хорт хийн камерт ашигладаг цианид, уушгины мөгөөрсөн сувгуудыг тагладаг бохь зэрэг нэн хортой 4000 химийн нэгдэл байдаг аж. Ямар сайндаа, тамхи үйлдвэрлэдэг компанид ажилд ороод тамхины орцыг нүдээр үзэж, гутаж цэрвэснээс хорт зуршлаа нэгмөсөн хаясан жишээ олон байдаг байна.

Жилийнх нь ашиг орлого хэдэн тэрбумаар тоологддог тамхины компаниар ивээн тэтгүүлсэн киночид гол баатраа янжуур зуусан сайхан залуугаар дүрсэлж байв. Харин сүүлийн үе  сэтгэл гутралд орсон, дампуурсан, ажил хэрэг нь бүтэмжгүй баатрыг тамхи татаж, архи ууж буй төрхтэй харуулах болсон. Эндээс тамхи сэтгэл гутралыг засдаг гэсэн андуу үзэл суртал мөн л "үнэртдэг". Үнэндээ бол тамхинд хүнийг тайвшруулдаг шид огтоос байдаггүй бөгөөд хэрэв никотин нь тайвшруулах үйлчилгээтэй байсан бол эрүүл мэндийн салбарынхан аль хэдий нь стресс тайлах хамгийн хямд хэрэгсэл болгочих байсан билээ.

Хөгжилтэй хөөрхөн “Микки хулгана” киногоороо хамгийн их алдаршсан кино найруулагч Уолт Дисней 65 насандаа уушгины хорт хавдраар нас барж, сая сая үзэгчид нь эмгэнэн гашуудаж байхад түүний компани нэгэн түүхэн мэдэгдэл хийсэн байдаг. Тэр нь Уолт Дисней компани тамхийг хэзээ ч кинондоо харуулахгүй хэмээсэн тунхаглал байв. 

Одоогоор, тамхи татахыг болон зарж борлуулахыг бүрэн хориглосон ганц улс байдаг нь Бутан юм. Гэхдээ дэлхийн улс орнууд энэ чиглэлд том амбицтай төлөвлөгөө хэрэгжүүлж байна. ОХУ хүүхдэд тамхи зарахыг хориглосон хатуу хууль гаргасан. Японы зарим компаниуд, тамхи татдаггүй ажилчдынхаа ээлжийн амралтын хоногийг нэмж урамшуулдаг болов. Тус улс 2040 он гэхэд тамхийг бүрэн хориглохоор төлөвлөж байна. Сингапур улс тамхи татагчдынхаа тоог 55 хувиас 14 хувь хүртэл бууруулсан кампанит ажлаараа алдартай.

Өдгөө өндөр хөгжилтэй орнуудын хувьд, чинээлэг иргэд, төрийн албан хаагч нарын нь дунд тамхины хэрэглээ хамгийн бага байгаа аж. Харин мэргэжил боловсролын түвшин доогуур иргэд нь тамхи илүүтэй татаж байгаа нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, тамхи нь ядуу зүдүү амьдралын үзүүлэлт буюу орон гэргүй тэнүүлч, янхан, гэмт хэрэгтнүүд л голлон хэрэглэж байна гэсэн үг юм.

 

 

Холбоотой мэдээ