ДАРХАН-УУЛ: Улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-09-10 16:04:40

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж ирсэн. Үүний дагуу Дархан-Уул аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос 27 дахь жилдээ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхдэд төрөөс хүндэтгэл үзүүлэх ажиллагааг өнөөдөр зохион байгуулж байна.

Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Дархан сумын ИТХ-ын дарга Я.Бат-Очир нар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, хүндэтгэлийн хөшөөнд цэцэг өргөлөө.

Уг хөшөөг аймгийн Урчуудын эвлэлийн зураач, барималч Д.Батмөнх, Их эмч Ц.Баясгалан, инженер В.Даваажав нарын зэрэг хүмүүс санаачлан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлж байгуулсан аж.  Энэхүү хөшөөг Дархан сумын ЗДТГ-ын урд Залуучуудын цэцэрлэгт хүрээлэнд босгосон бөгөөд дахин улс төрийн хэлмэгдэлтийг гаргуулахгүй байх, залуу хойч үед түүхийн эмгэнэлт үйл явдлын хор уршгийг таниулан ойлгуулах ач холбогдогдолтой ажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажиллагаа 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс эхэлж, энэ хугацаанд 30 мянга гаруй иргэний нэр төрийг сэргээж, цагаатгажээ.

Дархан-Уул аймагт амьдарч буй хэлмэгдэгсдийн үр, хүүхэд болох 81 иргэний судалгаа гарсан бөгөөд шүүхийн шийдвэр гарсан 52 иргэнээс 13 иргэн 80.0 сая, нэг иргэн 41 сая, 23 иргэн 40.0 сая, 4 иргэн 20.0 сая, нэг иргэн нэг сая нийт 42 иргэн хоёр тэрбум 82 сая төгрөгийн нөхөх олговор авчээ.

Мөн 2022 онд өссөн дүнгээр нэг иргэн 41 сая, 11 иргэн 40,0 сая төгрөгийн, нэг иргэн 81,0 сая, нэг иргэн 80,0 сая, хоёр иргэн 20,0 сая төгрөгийн нийт 16 иргэн 682,000,000 төгрөгийн нөхөх олговор авах тухай хүсэлт материалаа бүрдүүлэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст хүргүүлжээ.

Цаашид улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд хуулийн дагуу зөвлөгөө дэмжлэг үзүүлэн ажиллах, хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх талаар анхааран ажиллаж байна гэж аймаг, сумын удирдлагууд мэдэгдлээ.

Түүнчлэн энэ өдөр Хараагийн Дарь Эх ламын Гэцогдаржаалин хийдэд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан ном хурж байна.

Холбоотой мэдээ