Аймгийн удирдлагууд сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-05-31 15:45:30
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаатай холбогдуулан  Засаг дарга О.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, БСУСГ-ын дарга Ц.Бумангэрэл нар Сайнцагаан сумын таван сургуулийн сурагчдын төлөөлөлтэй уулзлаа.

1951 онд Олон улсын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос зургадугаар сарын 1-ний энэ өдрийг "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" болгох уриалга гаргаснаар улс орнууд дэмжиж, тэмдэглэдэг болжээ. Харин Монгол Улсад 1952 оноос "Хүүхдийн баярын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргаж, тэр цагаас хойш энэ өдрийг хүүхдээ баярлуулах, тэдэнд бэлэг өгөх, байгууллагаараа хүлээн авах зэргээр уламжлал болгон тэмдэглэдэг болсон.

Гэхдээ сүүлийн жилүүдэд хүүхдээ баярлуулах гэхээсээ илүү тэдний эрхийг хамгаалах өдөр болгон ээж, аавууд, төрийн байгууллагуудад хүүхдийн дуу хоолойг хүргэх, эрхийг нь хамгаалах, хүүхэд багачуудын санал бодлыг сонсох хандлага нэмэгдэж байгаа.

Тиймээс аймгийн Засаг дарга Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдрөөр дээрх сурагчидтай уулзахдаа Дундговь аймагт дутагдалтай байгаа мэргэжил, энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэх бодлого болон “Оюунлаг Дундговь” хөтөлбөрийг танилцуулж, мэргэжлээ сонгохдоо аймаг орон нутагт хэрэгцээтэй байгаа мэргэжлийг сонгох талаар санал дэвшүүлж, тэдний тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй ярилцжээ.

Уулзалтын үеэр "Тэвшийн говь" ХХК-ийн захирал, Монгол Улсын гавъяат уурхайчин Н.Бадрах ЭЕШ-ын хариу засагч програм хангамж, скайнерыг БСУСГ-т хүлээлгэн өгчээ.

Уулзалтад оролцсон сурагчдын хүсэлтийн дагуу С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн төв номын санг зургаадугаар сарын 3-20-ны өдрийг хүртэл оройн 21:00 цаг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэж, Дундговийн ирээдүй болсон сурагчиддаа тэдний зорилго чиглэл, хандлагаа зөв тодорхойлоход дэм болох үүднээс шилдэг номууд дурсгаж амжилт хүсчээ.

Холбоотой мэдээ