Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-05-31 18:08:19

Үндсэн хуулийн Цэц (ҮХЦ)-ийн шийдвэр гарсан даруйдаа хэрэгжих хуультай. Цэцээс 2019 оны 5 дугаар сарын 27-нд Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов зарласан болон Засгийн газрын нөөц сангаас  287 сая төгрөгийн зардал гаргасан тогтоолууд Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргалаа.


Цэцээс ийм шийдвэр гараагүй бол СЕХ нөхөн сонгуулийн тойрогт улс төрийн намуудын болон бие даан нэр дэвшигчийн материалыг хүлээн авч дуусах (5 дугаар сарын 30-нд) байлаа. Мөн УИХ-ын нөхөн сонгуулийг зарласан товын хүрээнд хуулийн дагуу гаргасан календарчилсан төлөвлөгөөний хэрэгжилт түр зогслоо. Тус шийдвэрийг тойруулан одоо амтай болгон ярьж байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг өнөөдөр бид шүүн хэлэлцэн шууд буруу гэх нь зохимжгүй. Энэ бол “өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэдэгтэй яг адилхан юм болно. Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаггүй.


Харин одоо  УИХ энэ шийдвэрийг авч хэлэлцэн ямар шийдвэр гаргавал зохимжтой вэ, гэдэг дээр байр, сууриа илэрхийлэн өөр өөрийн өнцөг гарган оюун ухаанаа уралдуулах нь чухал. Тэндээс гарсан шийдвэрийг цэц их суудлын хурлаараа авч хэлэлцэнэ. Эцсийн шийдвэр тэндээс гарна.  Үнэхээр хуулийн хүрээнд энэ шийдвэр гараагүй байвал, түүнийг засах боломж байна.


Судлаач Д. Ганхуяг, гишүүн Д. Гантулгыг чөлөөлсөн  2018 оны  6 дугаар сарын 24-ний өдрийн УИХ-ын 49 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг мэдээллийг Цэцэд гаргасан гэж бидний олонх нь ойлгож байв. Гэтэл Цэцээс  гишүүнийг чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж үзжээ.  Цэцэд судлаач Д.Ганхуягаас гадна хэд хэдэн иргэн давхар мэдээлэл гаргажээ. Тэдний  гаргасан мэдээллийн талаар олон нийт одоо хүртэл тодорхой ойлголтгүй байна. Энд асуудлын гол  байгаа бололтой


Бусад иргэдийн гаргасан өргөдлийн талаар ҮХЦ болон холбогдох  албан тушаалтнууд өнгөрсөн хугацаанд ямар нэг мэдээлэл олон нийтэд хүргээгүй. Энэ нь  дунд суудлын  хуралдааны шийдвэрт тэднийг эргэлзэхэд хүрэглээ.  Түүнийг улс төрийн намын удирдлага, улстөрчид хөгжөөв. Цэцэд гаргасан иргэдийн мэдээллийг тухайн үед нь үнэн зөвөөр өгч байх хэрэгтэй болжээ. Энэ нь бидний бодох ёстой зүйл, ҮХЦ-ээс асуух ёстой асуулт юм биз дээ. Ийм асуултад Цэц ямар хариулт өгөхийг одоо хэлэх боломжгүй байна.   


ҮХЦ-д иргэн Ламзав ч гэдэг юм уу нэр бүхий хүмүүс мэдээлэл, гомдол гаргадаг. Тэдэнд л хамаатай, бидэнд хамаагүй  гэсэн хэвшмэл ойлголт нийгэмд бий болоод уджээ. Энэ хэвшмэл ойлголт олон нийтэд Цэцийн шийдвэрийг нарийвчлан ойлгоход саад болж байна гэж хэлэхэд, бодит байдлаас хол зөрөхгүй болов уу.  Цэцийн гаргасан шийдвэр улстөрчдийн анхаарлын төвд байна. Гэхдээ эерэг бус сөрөг байдлаар байгааг хэлэх хэрэгтэй.  Ийм учраас олон янзын байр, суурь олон нийтийн мэдээллээр цацагдаж байна. Тэр бүхнийг энд дурдах нь илүүц.


Цэцийн бага, дунд, их суудлын хуралдааны шийдвэр бүх хүний санаанд нийцэх албагүй. Гагцхүү Үндсэн хуулийг зөрчиж болохгүй. Хэрэв  олон нийтийн харддаг шиг Цэцийн дунд суудлын хурал (5 дугаар сарын 27)-ын шийдвэр  нэр бүхий хүн, албан тушаалтны эрх ашигт нийцэж гарсан байвал "хар толбо" болон үлдэнэ. Ийм учраас ҮХЦ-ийн гишүүдэд хуулиас гадуур шийдвэр гаргах эрх байхгүй. Цэцийн шийдвэр цэцэн байх болтугай.

Холбоотой мэдээ