Хятад улс тандалт судалгааны хиймэл дагуулууд хөөргөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-06-03 15:00:52

САНЬЯ. /TASS/. Хятад улс алсын зайн тандалт судалгааны дөрвөн хиймэл дагуулыг энэ онд багтаан хөөргөхөөр төлөвлөжээ. Энэ тухай Хятадын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Хайнанийн сансрын мэдээллийн хүрээлэнгийн захирал Ян Тяньлин мэдээлсэн байна.


“Бид оны сүүлээр "Хайнань-1" оптик хиймэл дагуулын эхний цуврал болох дөрвөн хиймэл дагуулыг хөөргөнө. 2020 он гэхэд манай хүрээлэн спектрийн өндөр нарийвчлалтай "Санья-1" болон радиолокацийн "Саньша-1" гэсэн зургаан хиймэл дагуулыг хөөргөхөөр төлөвлөж байна” гэж тэрбээр мэдээлснийг "Хайнань жибао" сонин уламжилжээ.


Хиймэл дагуулуудыг тойрог замд амжилттай оруулсны дараа далайн тээвэр болон загас агнуурын салбарын хэрэгцээнд зориулж, дэлхийн гадаргууд ажиглалт явуулах аж. Үүнээс гадна, далай тэнгист эрэх-аврах ажиллагаа явуулах үед хиймэл дагуулуудыг ашиглах боломжтой байна.


Хятадын сансрын дөрвөн буудлын нэг болох Вэньчан буудал Хайнань мужид оршдог байна. 


Холбоотой мэдээ