Е-4В загварын нисэх онгоц нь цөмийн цохилтыг тэсвэрлэх чадвартай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-05 13:53:00

ВАШИНГТОН. /FOXNEWS/. АНУ-ын Нисэх хүчний "Е-4В" загварын "Ертөнцийн мөхөл" нэртэй нисэх онгоц нь цөмийн цохилтыг тэсвэрлэх чадвартай.


Энэхүү нисэх онгоцыг хүйтэн дайны үед "Боинг 747" онгоцны загвар дээр тулгуурлан зохион бүтээсэн бөгөөд гадна талаасаа иргэний агаарын тээврийн онгоц шиг харагддаг талаар "СNBC" мэдээний сэтгүүлч Аманда Макиас мэдээлэв.


Сэтгүүлчийн мэдээлж буйгаар, тус нисэх онгоц нь хуучны аналог технологиор тоноглогдсон бөгөөд ийм технологи нь цөмийн цохилтын цахилгаан соронзон шуурганд тэсвэргүй байдаг учраас хожим нь орчин үеийн дижитал технологиор шинэчилсэн байна. Тус нисэх онгоц цөмийн цохилтын дараах хор хөнөөлөөс онгоцны багийн гишүүдийг хамгаалах чадвартай аж.


"Ертөнцийн мөхөл" онгоцыг агаарт түлшээр цэнэглэх боломжтой бөгөөд энэ нь тус онгоцыг агаарт урт хугацаагаар үүрэг гүйцэтгэх боломжтой болгодог. Түүнчлэн 67 ширхэг сансрын антенаар тоноглосон нь онгоцны багийн гишүүд дэлхийн өнцөг булан бүрт байгаа цэргийн баазуудтай холбоо барих, мэдээ дамжуулах, АНУ-ын тэнгисийн цэргийн шумбагч онгоцны баллистик пуужинг удирдах боломж олгодог байна.


''CNBC" телевизээр мэдээлж буйгаар, АНУ-ын Нисэх хүчинд ийм загварын 4 онгоц байдаг, онгоц тус бүр багийн 112 гишүүнтэй, дотроо ариун цэврийн өрөө, амралтын өрөөнүүдтэй байна. АНУ-ын Батлан хамгаалах яамны ерөнхий нарийн бичгийн дарга Патрик Шанахан Азийн орнуудыг зорихдоо уг нисэх онгоцоор Мериландын нисэх буудлаас хөөрчээ. Түүний айлчлал өнгөрөгч тавдугаар сарын 28-нд эхэлсэн байна.

Холбоотой мэдээ