Ахмад шатарчид аймгийн аваргын төлөө өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-29 19:03:51

Сэлэнгэ аймгийн ахмад шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд спортын мастер Ц.Цэрэнлхам түрүүллээ.

Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах ахмад шатарчдын тэмцээн энэ амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд дөрөв дэх жилдээ амжилттай явагдлаа. Тэмцээнд 8 сумын 50 гаруй ахмад тамирчид оролцож авхаалж самбаагаа сорьжээ.

Ингээд тэмцээний эрэгтэйчүүдийн тэргүүн байрт Сүхбаатар сумын харьяат, Шатрын спортын дэд мастер Ц.Цэрэнлхам шалгарч удаах байруудад Сүхбаатар сумын харьяат спортын мастер Д.Билэгсайхан, Хушаат сумын харьяат шатрын спортын хүндэт мастер Л.Бааст, Алтанбулаг сумын харьяат Б.Нарантуяа, Сүхбаатар сумын харьяат А.Ганболд нар шалгарчээ. Эмэгтэйчүүдийн тэргүүн байрт Баянгол сумын харьяат спортын мастер Б.Долгор шалгарч удаах байгуудад Хушаат сумын Б.Ерөөлт, Сүхбаатар сумын харьяат, спортын мастер Л.Нямдорж, Цагааннуур сумын харьяат Р.Алтантуяа, Б.Туяа нар оржээ. Тэмцээний тусгай байрыг Хушаат сумын харьяат П.Жарантай, Д.Сэрээтэр, Сүхбаатар сумын харьяат Н.Энэбиш нар хүртсэн байна. Багийн тоглолтын дүнгээр Сүхбаатар сум тэргүүлж, цом мөнгөн шагналын эзэд болжээ. Удаах байрт Хушаат, гутгаар байрт Баянгол сум шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал авсан байна. Тус тэмцээнийг сумандаа 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулсан сумын Засаг дарга Г.Галбадрах, сумын Ахмадын хорооны хамт олонд дурсгалын алтан медаль гардуулан өгсөн аж.

Тэмцээний ерөнхий шүүгчээр аймгийн Шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, спортын мастер Д.Билэгсайхан, компьютерийн шүүгчээр олон улсын дасгалжуулагч, Монгол улсын шүүгч М.Гантөгс, шүүгчээр аймгийн шатрын холбооны тэргүүлэгч ,спортын дэд мастер М.Дэлгэрням, аж ахуйн шүүгчээр С.Цэдэн-иш нар ажиллажээ. Тэмцээнийг аймгийн Шатрын холбоо, аймгийн Ахмадын хороо, Хушаат сумын ЗДТГ, Ахмадын хороо хамтран зохион байгуулсан байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ